Ж.Дэлгэрсайхан: Туулын хурдны замын төсөл маш өндөр зардалтай, үр ашиг нь яаж гарах нь маш эргэлзээтэй

Миний хувьд улс орны хөгжилд нэн тэргүүнд шаардлагатай хоёр үндсэн чиглэлийг харж байна. Нэгдүгээрт, эрчим хүчний төслүүд буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон аймгийн төвүүдэд баригдах дулаан, цахилгааны станцуудыг яаралтай ашиглалтад оруулах ёстой.

Хоёрдугаарт, улсын хэмжээний дэд бүтэц, тэр дундаа төмөр зам болон босоо тэнхлэгийн авто замуудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх асуудал нэн чухал байна. Мөн эдийн засгийн томоохон мега төслүүдийн хүрээнд хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Үүнд гангийн үйлдвэр, алт хайлуулах үйлдвэр зэрэг уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээх төслүүд багтаж байгаа юм.

Нийслэл хотын тухайд метро барих болон нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүдийг хамгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Эдгээр нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулна.

Харин Туулын хурдны замын төслийн тухайд хувь хүний байр сууринаас хэлэхэд, эдийн засгийн үндэслэл болон гэрээний нөхцөлийг олон нийтэд ил тод болгох шаардлагатай. Тус замаар 22-ын товчооноос Баянзүрхийн товчоо хүртэл зорчих урсгалын нарийн тооцоолол, хот руу орох болон дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн харьцаа тодорхойгүй байна. Түүнчлэн төслийн өртөг хэт өндөр байгаа нь үр ашгийн хувьд эргэлзээ төрүүлж байгаа юм. Үүнээс гадна байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх олон нийтийн эргэлзээг үнэхээр тайлах ёстой. Нийслэлд зам, тээврийн төслүүд хэрэгтэй нь үнэн боловч тэдгээр нь эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд хор хөнөөлгүй, хамгийн оновчтой шийдэл байх ёстой. Тиймээс эдгээр асуудлыг бүрэн тодорхой болгосны дараа Туулын хурдны замын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

З
Зочин 1 сар, 2 долоо хоног
Түгжрэл буурахгүй өрөөр хятадад газраа