Өмнөговь аймагт ирж буй нийт жуулчдын 10 гаруй хувь нь шувуу ажиглах зорилгоор ирдэг болсон байна
Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-ийг тохиолдуулан Өмнөговь аймаг “Шувуу ажиглах анхдугаар уралдаан”-ыг дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Арга хэмжээг “Шувуу бүр чухал – Таны ажиглалт үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулсан юм.
“Шувуу ажиглах анхдугаар уралдаан”-д Даланзадгад, Гурвантэс, Цогтцэций сумдын таван сургуулийн нийт 170 сурагч оролцлоо.
Уралдааны өсвөрийн ангилалд 35 багийн 128 сурагч, сонирхогчдын ангилалд 7 багийн 14 оролцогч, ахисан буюу марафон ангилалд 5 оролцогч тус тус өрсөлдсөн юм.
Мөн “Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн гэрэл зурагчдын “Говийн үзэсгэлэнт ховор шувууд” гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд толилууллаа.
Өмнөговь аймаг “Шувуу ажиглах уралдаан”-ыг Даланзадгад хотын томоохон эвент арга хэмжээ болгон өргөжүүлж, орон нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгохоор зорьж ажиллаж байгааг онцоллоо.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 520 гаруй зүйл шувуу бүртгэгдсэнээс Өмнөговь аймагт 347 зүйл шувуу бүртгэгдээд байна.
Өмнөговь аймаг нь нүүдлийн шувууд дамжин өнгөрдөг чухал бүс нутагт хамаардаг бөгөөд жил бүр олон төрлийн шувуу тус нутгаар дайран өнгөрөхөөс гадна зарим нь суурьшин үрждэг.
Шувуудын амрах, нэг орчноос нөгөө орчин руу аюулгүй шилжин нисэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон хөв, цөөрөм байгуулж байгаа нь нүүдлийн шувуудыг хамгаалах ач холбогдолтой бүс нутаг болохыг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт ирж буй нийт жуулчдын 10 гаруй хувь нь шувуу ажиглах зорилгоор ирдэг болсон байна. Шувуу ажиглах аялал нь дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сараас идэвхжиж эхэлдэг тул аялал жуулчлалын улирлыг уртасгах давуу талтай гэж үзэж байна.
Ийнхүү Өмнөговь аймаг нь нүүдлийн шувуудын чухал бүс төдийгүй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр боломж бүхий стратегийн ач холбогдолтой нутаг болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.