Ж.Баярмаа: Хуурамч бичиг баримтаар 500тэрбум төгрөг шилжүүлсэн байна гэдгийг Монголбанк нь ч, СЗХ нь ч тогтоосон байна шүү дээ!

Туулын хурдны зам төслийн урьдчилгаанд ямар ч барьцаагүйгээр, хуурамч бичиг баримтад үндэслэн 500 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар УИХ-ын зарим гишүүд болох #SaveTuul хөдөлгөөнийхөн Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-д албан бичиг явуулсны дагуу дээрх газрууд хариу ирүүлжээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн байр суурийг сонслоо. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Санхүү зохицуулах хороо болон Төв банкнаас ирүүлсэн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилттэй холбоотой тайлбар нь энэ асуудал зарчмын төдийгүй хуулийн маш ноцтой зөрчил болохыг харуулж байна. 

Нийтлэг дагаж мөрдөх ёстой ёс суртахуун, зарчим гэж бий. Гэтэл иргэн бүр хуулийн дор амьдардаг атал нийслэлтэй холбоотой сүүлийн үеийн асуудлууд нь хувь хүний ёс суртахуун, зарчмаас халиад хуулийг илт зөрчсөн үйлдэл болж хувирлаа.

Монголбанк болон Санхүү зохицуулах хорооны албан бичигт дурдсанаар, банкны баталгааг үндэслээгүй, хуурамч бичиг баримт ашиглан урьдчилгаа төлбөр шилжүүлсэн нь тодорхой болжээ.

Хуурамч бичиг баримт үйлдэх нь өөрөө бие даасан гэмт хэрэг бөгөөд үүн дээр суурилж их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь дахин нэг ноцтой хэрэг юм.

Түүнчлэн зам, гүүр барих туршлагагүй компанид тендер олгож, хууль зөрчин 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь цаанаа ашиг сонирхлын зөрчил, магадгүй авлига, "цавчаа" байгааг илтгэж байна. Заавал тухайн компанид мөнгө шилжүүлэх шаардлага үүссэн байгаа нь өөрөө маш их сэжиг төрүүлж байгаа тул үүнийг нарийвчлан шалгах ёстой.

Монголбанк энэхүү асуудлыг гэмт хэргийн шинжтэй, авлига албан тушаалын хэрэг гэж үзэн Авлигатай тэмцэх газарт (АТГ) шилжүүлсэн байна. Иймд АТГ ажлаа шуурхайлах шаардлагатай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яагаад ийм удаан байгаа нь анхаарал татаж байна.

Хэдийгээр асуудал их байхын хэрээр цаг хугацаа шаарддаг байж болох ч энэ мэт ноцтой асуудлыг шийдвэрлэхэд удаашралтай байгаа нь шүүмжлэл дагуулж байна.

Миний бие өмнө нь Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар шалгуулж байхад АТГ маш шуурхай ажиллаж, ердөө хоёрхон хоногийн дотор бүх баримтыг шалгаж дуусгаж байсан туршлага бий. Энгийн иргэдийн хөрөнгө орлого, банкны гүйлгээг шалгахад амархан байдаг бол энэ мэт олон улс дамнасан, нарийн зохион байгуулалттай луйврын шинжтэй асуудлууд цаг хугацаа их шаарддаг байж болох юм.

Гэсэн хэдий ч энэ асуудлыг яаравчлах зайлшгүй шаардлагатай. Энэхүү булхай луйвар, хулгайн шинжтэй асуудлыг илрүүлэхэд АТГ-ын зүгээс онцгой анхаарч, шуурхай ажиллана гэж найдаж байна. Мөн Засгийн газрын зүгээс, ялангуяа холбогдох удирдлагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хуулийн хариуцлага хүлээлгэх тал дээр шийдвэртэй алхам хийх ёстой.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Т
Туяа 1 сар, 2 долоо хоног
Бүх юм нь хуурамч энэ Нямбаатарыг шалгаачээ.