Хорих ангид хүмүүжиж байгаа бүх хүмүүс муу хүмүүс биш.Тэд зүрх сэтгэлээ шингээж,нийгэмд болон хайртай хүмүүстээ хэлэх гэсэн үгээ уран бүтээлээрээ илэрхийлдэг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хорих ял эдэлж буй хоригдлыг хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжлийн эерэг нөлөөлөл үзүүлэх, тэдний авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор хоригдлын урласан уран зураг болон гар урлалын “УХААРАХУЙ, УРЛАХУЙ-2” үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж  байна.
 
Үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхим 2026.05.04-05.08 өдрүүдэд зохион байгуулагдана.
 
Энэ үеэр бид  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны ахлах мэргэжилтэн хошууч Б.Анхтуяатай бид ярилцлаа.
 

Хорих ангид ял эдэлж буй иргэд нийгмийн харилцаанд биечлэн оролцож, гэр бүлийнхнийхээ дэргэд байж чадахгүй ч гэр бүлийнхээ амьжиргаанд дэмжлэг үзүүлж, хүүхдийнхээ сургалтын төлбөр болон бусад хэрэгцээнд зориулан санхүүгийн хувь нэмэр оруулдаг. Энэ нь тэдний хөдөлмөрийн үр шим, нийгэмших үйл явцын нэг хэсэг юм.

Үзэсгэлэнгийн нэрнээс л асар том агуулга мэдрэгдэж байгаа болов уу. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй бөгөөд гаргасан алдаагаа ухаарч, гэмшсэний үндсэн дээр уран бүтээлдээ төвлөрөн туурвидаг. Бүтээл төрөх агшинд хүн ихэвчлэн сайн сайхан зүйлд төвлөрдөг.

Эх нутгаа зурахдаа аав ээж, элгэн саднаа санагалзаж, мандаж буй нарыг дүрслэхдээ өөрийн гэрэлт ирээдүйг төсөөлөн боддог. Уран бүтээл туурвих нь олон талын ач холбогдолтой. Тухайн хүн бүтээл дээрээ төвлөрснөөр сэтгэл зүйн тогтвортой байдал хангагдаж, цаашлаад хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлдөг нь хамгийн чухал үр дүн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хорих ял эдэлж буй иргэдийн бүтээлээр "Ухаарахуй, урлахуй" нэртэй үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил уг үзэсгэлэнг танхимаар 700 гаруй хүн үзэж сонирхсон бол цахим хуудсаар дамжуулан 37 мянган хүн сэтгэгдлээ үлдээсэн байдаг. Энэ жилийн үзэсгэлэн тавдугаар сарын 5-наас эхлэн Уран зургийн галерейд долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд нийт хорих ангиудаас 200 гаруй бүтээл ирээд байна.

 Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын нэг чухал хэсэг нь хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, ардын ёс уламжлалд сургах явдал юм. Тиймээс манай байгууллага мэргэжлийн багш нар болон дотоод нөөц боломжоо ашиглан, хоригдлуудын хувийн онцлог, нөөц бололцоог илрүүлж, бүтээлч үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор мэргэжлийн сургалтуудад хамруулж, мэргэжилтэй болгодог.

 Хорих ангид байхдаа эзэмшсэн мэргэжил, чадвараараа суллагдсаныхаа дараа амьдралаа авч яваа олон хүн бий. Тэдний зарим нь "Би хорих ангид энэ мэргэжлийг эзэмшээд, өнөөдөр гэр бүлийнхээ амьжиргааг залгуулж, гэрэл гэгээтэй амьдарч байна" гэдгээ нийгэмд нээлттэй хэлэх нь ховор ч, бодит байдал дээр ийм жишээ маш олон байдаг. Тэр ч байтугай сурсан мэдсэнээ бусдадаа зааж сургахаар эргэж ирдэг хүмүүс ч бий.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.