Морьт харвааны морьдыг хулгайлж, зориудаар устгасан яллагдагч Э, Б, Г, Б, П, У нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаалаа
2025 оны зургадугаар сарын 13-ны орчимд морьт харвааны сургуулийн бэлтгэгдсэн 18 хурдан адууг хулгайлж, зориудаар устгасан хэрэг гарсан билээ. Тэгвэл 2026 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх малын хулгай болон мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон иргэдэд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Э, Б, Г, Б, П нарыг бүлэглэн, олон тооны мал хулгайлсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн иргэн У-г тухайн хулгайн замаар олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж хүлээн авч ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч нарын өмгөөлөгчдөөс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэв. Учир нь хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхээс өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад заавал тодруулах ёстой хэд хэдэн чухал асуудал дутуу орхигдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.
Тухайлбал, хулгайд алдагдсан адуунуудын үнэлгээг тогтоосон байдал нь эргэлзээтэй, прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүргийг тодорхой бичээгүй зөрчил илэрчээ. Түүнчлэн хохирогчийн зүгээс хэрэгт эд мөрийн баримтаар гаргаж өгсөн бичлэг бүхий сиди дутуу, шүүхэд ирүүлсэн хэргийн материалд хавсаргагдаагүй байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй" гэх үндэслэл болсон байна.
Шүүхийн шатанд эдгээр дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Э, Б, Г, Б, П, У нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаалаа. Одоогоор шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.