Х.Батмэнд: Америк сайхан гэж туйлшран өөрийн улс орноо доромжилж, гутаан, Монголын агуу философийг үгүй хийнэ гэдэг бол хамгийн том тэнэглэл юм

Дуучин Х.Батмэнд өөрийн цахим хуудсаараа дамжуулан монгол ахуй соёлоо таниж мэдэхийг залууст уриалдаг. Ингэхдээ алиа, марзан аргаар түүнийгээ илэрхийлснээс үүдэн иргэд түүнийг шүүмжлэх нь олонтаа. Тиймээс юунд зорьж, яагаад цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлдэг талаар нь бид ярилцлаа. 

Дуучин Х.Батмэнд:

-Миний үеийнхэн дунд төөрөлдөж, ухааралгүй яваа хүмүүс олон байна. Монгол гэхээр л хөгжилгүй, ядуу, мөнгөгүй, увайгүй гэж хардаг болж. Гэтэл хүн эцэг эх нь ямар ч байсан тэднээрээ бахархаж, хайрлах ёстой байдаг шиг эх орон, нутаг ус, үндэс угсаагаа үгүйсгэж болохгүй. Хорвоо дээр сайн, муу аль ч үед ах дүүс, нутаг хошуу, улс үндэстнийг орлох зүйл үгүй.

Америк сайхан гэж туйлшран өөрийн улс орноо доромжилж, гутаан, Монголын агуу философийг үгүй хийнэ гэдэг бол хамгийн том тэнэглэл юм.

Бид буруу зүйл хийх байтугай, буруу зүйл бодож ярьсныхаа төлөө хорвоогийн хатуу хуулиар өр төлөөс амсдаг. Энэ үнэнийг хойч үедээ ойлгуулахгүй бол Монголын минь ирээдүй дэндүү хайран байна. Би эх орондоо хайртай учраас л ингэж ярьж, хэд хэдэн ном бичсэн.

Ирэх тавдугаар сарын 10-нд Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд болох тоглолт дээрээ ч эдгээр үнэт зүйлсийг дуу хуур, уран бүтээлтэйгээ сүлэн хүргэх гэж байна. Залуучууд болон ахмад үеийнхнийг маань ирж үзээсэй гэж урьж байна. Эндээс та бүхэн үндэстний онцлог, бидний хэлдгээр "ондоошил" гэж юу болох талаар тодорхой ойлголттой болох болов уу.

Монгол Улс бол зүгээр нэг Азийн эсвэл барууны орны хуулбар биш, агуу их түүх, соёлтой гүрэн. Гэтэл өнөөдөр бид Монгол гэхээр л дандаа болохгүй, бүтэхгүй талаас нь хардаг болжээ.

Бид бол байгаль дэлхий, ертөнцийн жам ёсыг гүнээ шүтсэн, агуу философитой хүмүүсийн үр сад. Бидний ёс заншил гэдэг зүгээр нэг хэлбэр биш, цаанаа маш гүн утга агуулгатай. Хэрэв залуу үедээ үүнийг өвлүүлж, ярьж өгөхгүй бол бид гадаадын либерал үзэлд автаж, Монгол гэдэг нэрнээс цаашгүй улс болон үлдэх аюултай байна.

Монгол хүний алхаа гишгээ, идэх уух, өмсөх зүүх, оршихуйн жам нь өөрөө их өвөрмөц. Гэвч орчин үед хүмүүс амьдралыг зөвхөн мөнгө, эд хөрөнгөөр хэмждэг болсон нь харамсалтай. Эд хөрөнгөөс илүү үнэт зүйл бий гэдгийг бид мартаад байна. Тэр байтугай монгол хэл минь мөхөж, харилцааны соёл алга боллоо.

Бидний амнаас гарч буй үг бүр утга учиртай, амилдаг байтал өнөөдөр хараалын болон харь үгсээр хэл яриагаа бохирдуулж байна. Миний үеийнхэн буюу 50, 60 хүрч байгаа хүмүүс өнөөдөр ухаарахгүй, наснаасаа хөнгөн аашилж байгаад сэтгэл зовж байна.

50 настай хүн 20-той залуу шиг аашилж, зөвхөн идэж уух, наргиж цэнгэхийг урьтал болгож болохгүй. Бид үр хүүхэд, хойч үедээ үлгэр дуурайл болж, тэднийг халамжлан хүмүүжүүлэх үүрэгтэй. Эх орноо өв соёл, ёс заншилтай нь бүрэн бүтэн үлдээхийн тулд иргэн бүр хичээх ёстой.

Намайг шүүмжилж, доромжлох хүмүүс байдаг ч би залуучуудын төлөө, тэднийг ойлгоосой гэсэндээ л энэ бүхнийг хийж яваа юм.

Бусад улс орнууд, тухайлбал Япон, Хятад, Орос, Америкчууд багаас нь өөрийн үндэстний үзэл санааг суулгаж, иргэнээ бэлддэг. Гэтэл манайд хүүхдийг хэлд ормогц нь англи хэл зааж, монгол хүн байхын утга учрыг орхигдуулж байна. Улс үндэстнийг соёл, сэтгэхүй, хэлээр нь л устгадаг.

Өнөөдөр боловсролын системд уран зохиол, төлөвшил, хүнлэг ёс, хатуужил суулгах хичээлүүд дутагдаж байна. Хүний эрх ярихаас өмнө хүний үүргийг заах ёстой. Монгол хүн бага зэрэг өлсөж, даарч, хатуужил үзэж байж л хүн болдог. Одоо багш ч үгүй, эцэг эх ч үгүй, нийгмийн хүмүүжил ч үгүй болсон мэт санагдах үе бий. Монголчууд бид хоорондоо, тэр байтугай гэр бүл дотроо ч ойлголцоход хэцүү болж. Энэ нийгэм биднийг ийм болгож байна. Тиймээс л би энэ бүхэнд санаа зовж, лекц тоглолтоороо дамжуулан соён гэгээрүүлэх гэж хичээж байгаа юм.

Усны тухай, ээжийн тухай, хүний мөс чанарын тухай гээд олон зүйлийг хөндөх болно. Хэрэв та бүхэн шинэ зүйл сонсож, ухаарал авахыг хүсвэл 2026.05.10-нд Соёлын төв өргөөнд болох миний тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ө
Өөрийнх нь хүүхдүүд хаана амьдардаг бол? 1 сар, 2 долоо хоног
Шаампар ац