Иргэд: Ийм бордюр хийнэ гэж юу байдаг юм. Машины хурд сааруулна ч гэж байхгүй

Бид 1 дүгээр хорооллын арын зам дээр далий тавсан бордюрын нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Энэхүү зам нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Улаанбаатар хотын тогтвортой авто зам" төслийн нэг хэсэг юм. Төслийн зохицуулагчийн зүгээс замын энэхүү муруй, доголтой бүтцийг тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах зорилготой "жишиг зам" хэмээн тайлбарлаж байгаа ч иргэд үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ удаагийн шийдэл нь замын хөдөлгөөнд оролцогчдод ойлгомжгүй, эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна. Хоёр эгнээ зам гэнэт нарийсаж, догол гарснаар автомашинууд бие биеэ шахах, улмаар эсрэг урсгал руу орох зэргээр осол гарах магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Замын өнгө үзэмж ч мөн асуудалтай байна. Алсаас харахад далий муруй харагдах бөгөөд зарим хэсэгт тэмдэг тэмдэглэгээ нь аль хэдийн эвдэрч унасан дүр зурагтай байна.

Хурд сааруулах нэрээр замыг ийнхүү нарийсгахын оронд явган хүний хүлээх талбайг чөлөөтэй, аюулгүй байхаар төлөвлөж, тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байршуулах нь зүйтэй байв. 

Татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж буй энэхүү ажил нь "дэлхийн жишиг" гэх тодотголдоо нийцэхгүй байна. Автомашины хурдыг бодитоор сааруулж чадахгүй, зөвхөн замын хөдөлгөөнд саад учруулсан, үзэмжгүй шийдэл болсон гэж харагдаж байна. Замын хашлага, боржуур нь хүртэл тэгш бус, чанаргүй тавигдсан нь энэхүү төслийн гүйцэтгэлд эргэлзэхэд хүргэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.