Хятадад тансаг хэрэглээгээр гайхуулдаг инфлүүнсэрүүдийг хязгаарлаж эхэллээ
Хятад Улс сүүлийн жилүүдэд "Хамтын хөгжил" бодлогын хүрээнд баян тансаг амьдралыг хэт дөвийлгөн харуулж, нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлдэг контентуудыг хумих арга хэмжээ авч байна.
Үүний хүрээнд хувийн онгоц, үнэт эдлэл, тансаг аялал, өндөр үнэтэй брэндээрээ тогтмол гайхуулдаг зарим инфлүүнсэрийн сошиал хаягийг хүртэл хааж эхэлжээ. Энэ нь зөвхөн нэг хүний асуудал биш. Нийгэмд хөдөлмөр, боловсрол, бүтээмжээс илүүтэйгээр тансаг хэрэглээ, хөрөнгө мөнгөөр хэмжигдэх амжилтын ойлголтыг түгээж байна гэж Бээжин үзэж байгаа юм.
Монголд ч энэ асуудал ажиглагддаг. Зарим улстөрч, өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд үнэтэй автомашин, тансаг аялал, брэнд хэрэглээгээ олон нийтэд тогтмол харуулдаг. Нөгөө талд олон мянган дагагчтай инфлүүнсэрүүд чанар, гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг ямар ч хариуцлагагүйгээр сурталчилж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх нь түгээмэл болсон.
Мэдээж хүн хөдөлмөрлөж олсон хөрөнгөөрөө хүссэнээрээ амьдрах эрхтэй. Гэвч олон нийтэд нөлөөлөх хэмжээний платформтой хүмүүсийн хувьд ямар үнэ цэнэ түгээж байгаа нь нийгмийн асуудал болдог.
Амжилтыг хөдөлмөр, мэдлэгээр хэмжих үү, эсвэл брэнд цүнх, хувийн онгоцоор хэмжих үү гэдэг асуулт өнөөдөр зөвхөн Хятадад бус Монголд ч тавигдаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.