Обамагийн бага охин Америкийн нийгмийг зөөллөж байна
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн бага охин Саша өсвөр насандаа зуны амралтаараа цагийн ажил хийж байсан нь олон нийтийн анхаарлыг татаж байв.
Массачусетс муж дахь “Martha’s Vineyard” зоогийн газарт ажиллаж, үйлчлүүлэгчдэд үйлчлэх, касс ажиллуулах, ширээ цэвэрлэх, аяга таваг угаах зэрэг ажлыг гүйцэтгэж байсан тухай мэдээлэл тухайн үед хэвлэлүүдээр гарч байжээ.
Энэ нь Обамагийн гэр бүл хүүхдүүдээ эрх ямбаас ангид, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодог, энгийн амьдралаар хүмүүжүүлэхийг зорьдгийн нэг илрэл хэмээн олон нийт дүгнэж байв. Мөн түүний ууган охин Малия Обама Харвардын их сургуульд элсэн орохоосоо өмнө нэг жилийн завсарлага авч, ажил хөдөлмөр эрхлэн амьдралын туршлага хуримтлуулахаар шийдвэрлэж байсан нь олны анхаарлыг татсан юм.
Судлаачдын үзэж буйгаар АНУ-д болон бусад өндөр хөгжилтэй орнуудад их сургуульд суралцахаас өмнө хүүхдүүдээ нийгмийн амьдралтай танилцуулж, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах хандлага түгээмэл болжээ.
Үүний хүрээнд олон нийтийн үйлчилгээ, сайн дурын ажил, засвар үйлчилгээний ажил, цэргийн алба зэрэгт оролцохыг дэмждэг байна. Ийнхүү дэлхийн нөлөө бүхий улс төрчид, бизнес эрхлэгчдийн гэр бүлүүд хүүхдүүдээ энгийн орчинд өсгөж, хөдөлмөрөөр төлөвшүүлэхийг чухалчилж байгаа нь боловсролоос гадна амьдралын бодит туршлагыг үнэлж буй шинэ хандлага гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.