Чадваргүй эмч биш, чанаргүй эмээс болж иргэд амь насаа ч алдахад хүрч байна

Монгол Улсад тэтгэврийн насныхны орлого эмийн зардалд хүрэлцэхгүй байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байна.

Тухайлбал, 652 мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэний сарын эмийн хэрэглээ 700 мянган төгрөг давж, үндсэн орлогоосоо давсан зардал гарч байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гадна эмийн үнэ 2-3 дахин нэмэгдсэн нь иргэдийг санхүүгийн хүндрэлд оруулж, зээлтэй иргэд нэн шаардлагатай эмээ ч авч чадахгүй нөхцөлд хүрчээ.

Албаны мэдээллээр эмийн үнийн дундаж өсөлт 7-9 хувьтай байгаа ч зарим төрлийн эм 15-20 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төрөөс 2700 орчим эмийн үнийг ил тод болгож, сар бүр хяналт тавьж байгаа ч бодит байдал дээр иргэдийн халаасанд ирэх дарамт буурахгүй байна.

Үнийн өсөлтөөс гадна эмийн чанарын асуудал хурцаар тавигдаж байгааг Ерөнхий сайдын зүгээс онцолж, Монголд эмчийн чадвар биш, эмийн чанар дутагдаж байгааг тэмдэглэсэн юм. Иргэд болон эмч нар дотоодын зах зээл дэх зарим эмийн үйлчлэлд эргэлзэж, Герман, Солонгос, Франц зэрэг улсын өндөр стандарттай бүтээгдэхүүнийг илүүд үзэх болжээ. Ялангуяа онлайн худалдаагаар баталгаагүй эм борлуулж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Чанаргүй эмээс шалтгаалж иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох тохиолдол гарсаар байгаа нь эмийн хяналтыг чангатгах зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Засгийн газраас зах зээлд эргэлдэж буй зайлшгүй шаардлагатай эмийн чанарыг дахин баталгаажуулах үүрэг өгсний дагуу тандалт судалгааны ажил эхэлжээ. Ирэх нэг сарын хугацаанд Монгол Улсад борлуулагдаж буй бүх эмэнд иж бүрэн хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү шалгалтаар олон улсын стандарт, аюулгүй байдлын шаардлага хангахгүй нь тогтоогдсон бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс бүрмөсөн гаргаж, хуулийн дагуу хариуцлага тооцох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.