Володимир Зеленский: Хэрэв Украин шатаж байгаа бол танай Москва ч мөн адил шатах болно
Украины зэвсэгт хүчин 2026 оны зургаадугаар сарын 18-19-нд шилжих шөнө ОХУ-ын нийслэл Москва хот болон бусад бүс нутгуудад дроноор томоохон хэмжээний цохилт өгч, стратегийн ач холбогдол бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийг ониллоо.
Энэхүү дайралт нь дайн эхэлснээс хойших хамгийн өргөн хүрээтэй алсын зайн цохилтуудын нэгт тооцогдож байгаа бөгөөд Москва хотын түлшний нөөцийн гуравны нэгийг бүрдүүлдэг Капотня үйлдвэр галд автсан байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг ажиллагааг Оросын талаас Киевийн түүх дурсгалын газруудад хийсэн бөмбөгдөлтийн хариу арга хэмжээ хэмээн мэдэгдлээ.
Москва хотын дарга Сергей Собянин нийслэл рүү чиглэсэн 200 орчим дроныг агаарын довтолгооноос хамгаалах системээр устгасан гэж мэдээлсэн боловч Капотня дахь үйлдвэр долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа цохилтод өртжээ. Дайралтын улмаас үйлдвэрийн орчимд их хэмжээний гал гарч, хар утаа савссан нь бүс нутгийн аюулгүй байдалд түгшүүр төрүүлэв. Энэхүү байгууламж нь Москва орчмын бүс нутгийн шатахуун болон түлшний хэрэгцээг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тул Оросын эрчим хүчний салбарт томоохон хохирол учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Украины арми зөвхөн нийслэл Москвагаар хязгаарлагдсангүй, ОХУ-ын хилийн бүс нутаг болон эзлэгдсэн газар нутаг дахь цэргийн дэд бүтцүүдийг нэгэн зэрэг онилсон байна.
Тодруулбал, Ростов мужийн Гуково дахь газрын тосны агуулах, Мариуполь хотын түлшний нөөц, Соледар орчмын командын байр болон Хойд Крым руу чиглэсэн төмөр замын гүүр зэрэгт цохилт өгчээ. Эдгээр ажиллагаа нь Оросын армийн хангамжийн сүлжээг таслах, фронтын шугам дахь цэргийн хүчийг сулруулах зорилготой болохыг Украины талаас онцолж байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү довтолгооны талаар тайлбар хийхдээ,
"Оросын тал ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн 975 жилийн түүхтэй Киев-Печерск Лавра хийдийг бөмбөгдсөний хариуг ийнхүү барьж байгаагаа илэрхийлэв. Тэрээр
"Хэрэв Украин шатаж байгаа бол танай Москва ч мөн адил шатах болно" хэмээн хатуу анхааруулсан юм.
Энэ нь Украины тал Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх чадвартай болсноо харуулаад зогсохгүй, Оросын иргэний болон соёлын байгууламжуудад учруулсан хохирлыг зүгээр орхихгүй гэсэн улс төрийн шийдэмгий байдлыг илэрхийлж байна.
ОХУ-ын эрх баригчид нийслэл хотод нь хийсэн энэхүү дайралтын хариуд Украины нутаг дэвсгэрт тогтмол бөгөөд өргөн хүрээтэй, зохион байгуулалттай цохилт өгөхөө амлалаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зеленский ард иргэддээ хандан агаарын түгшүүрийн дохиог чанд мөрдөж, бөмбөгдөлтөөс хамгаалах байруудыг идэвхтэй ашиглахыг уриалсан байна.
Оросын талаас ирэх өдрүүдэд пуужингийн болон дроны дайралтаа эрчимжүүлэх магадлал өндөр байгаа тул Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин бэлэн байдалд шилжээд байна.
Хоёр улсын хоорондох мөргөлдөөн ийнхүү шинэ шатанд гарч, дайны фронтын шугамнаас хальж стратегийн ач холбогдол бүхий хотуудын дэд бүтэц рүү чиглэж эхэллээ. Украины талаас Оросын гүнд хийх дроны дайралтууд нэмэгдэж байгаа нь Оросын эрчим хүчний аюулгүй байдалд бодит аюул учруулж, дайны явцад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болзошгүй юм. Цаашид Оросын хариу цохилт хэрхэн өрнөх болон олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс үзүүлэх дэмжлэг энэхүү хурцадмал байдлыг намжаах эсвэл улам даамжруулах эсэхийг шийдэх чухал хүчин зүйл болох төлөвтэй байна.
Эх сурвалж:
• wng.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.