Галаас зугтаж байхдаа Түл-Гү-Я-Бу буюу түлхэхгүй, гүйхгүй, ярихгүй, буцахгүй гэдэг дүрмийнхээ дагуу явцгаасан
Өчигдөр Токио хотын бага сургууль дээр гал гарахад.
Өдрийн 11 цагийн үед, ид хичээлийн цагаар хамгийн дээд буюу 4 давхрын хоосон ангид гал гарч л дээ. Гол нь тус анги яг шатны хажуугийн анги байсан учир хүүхдүүд шатаар буух боломжгүй болж, багшийнхаа заавраар цонхоор гадагш гаран шатны доод талын тавцан, дээвэр дээр тусламж ирэхийг хүлээжээ.

70 гаруй галын машин, олон тооны алба хаагч шуурхай ирж, аврах ажиллагаа явуулан 3 цагийн дотор галыг унтраасан байгаа юм.
Хамгийн сайшаалтай нь, 320 гаруй хүүхдээс 2 нь халтирч унан гараа гэмтээсэн, 6 хүүхэд утаа сорсны улмаас дотор муухайрсан зэргээс бусдаар хүүхдүүдийн амь насанд аюул учрахуйц ноцтой хохирол гараагүй.
ТВ-д ярилцлага өгсөн 2 дугаар ангийн нэг хүүгийн хэлснийг монгол маягаар буулгавал“Гэнэт галын аюулын дохио дуугараад, гадагшаа гарцгаасан. Галаас зугтаж байхдаа ТҮЛ-ГҮ-Я-БУ буюу ТҮЛХЭХГҮЙ, ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ гэдэг дүрмийнхээ дагуу явцгаасан” гэсэн.

Монголоор ТҮЛ-ГҮ-Я-БУ гэж буулгасан товчлол үг нь японоор бол О•КА•ШИ•МО гэж бага насны хүүхэд ч цээжилчихмээр хөөрхөн үг.
Газар хөдлөлт, гал түймэр зэрэг аюултай нөхцөлд энэ үгээр илэрхийлэгдэх дүрмийн дагуу аюулаас зугтана шүү гэдэг ойлголт 7 настай хүүхдүүдэд хоногшчихсон байгаа нь гайхалтай. Ийм болгохын тулд дадлага сургуулилтыг мэдээж цэцэрлэгээс нь эхэлсэн байж таараа…
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.