Жаргалтхаан сумын иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Монгол Ардын Намын улс орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан ажлын хэсэг, МАН-ын Бага хурлын гишүүн Г.Дашням болон холбогдох албаныхан Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Уулзалтад 40 орчим нутгийн иргэд, намын гишүүд оролцож, сум орон нутгийн хөгжил, төрийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхайн мэдээллийн ил тод байдлын талаар нээлттэй ярилцав.

Иргэдийн зүгээс тэтгэврийн асуудлыг түлхүү хөндөж, 1980–1990 оны хооронд ажилласан зарим иргэний хөдөлмөрийн архивын баримт дутуугаас шалтгаалан ажилласан жилээ бүрэн тогтоолгож чадахгүй байгаа талаар санал хэлж байв. Түүнчлэн тэтгэвэрт гарсан малчид тэтгэврийн зээлтэй, насны шалгуурт хамрагддаг гэсэн үндэслэлээр ногоон зээлд хамрагдах боломжгүй байгаа зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөж байлаа.

Мөн орон нутгийн засаг захиргааны бүтэц, чиг үүргийг бодит хэрэгцээтэй нь уялдуулан шинэчлэх, сумын түвшний зарим албан тушаалын үр ашиг, шаардлагыг дахин үнэлэх санал гаргав. Намын хороодын үйл ажиллагааг зөвхөн сонгуулийн үеэр бус тогтмол явуулж, иргэдтэйгээ өдөр тутам ажилладаг, боловсон хүчнээ бэлтгэдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд аймгийн төвд MRI болон компьютер томографийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар хийлгэх боломжийг бүрдүүлэх, байгаа тоног төхөөрөмжийг ажиллуулах мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх асуудлыг иргэд тавив. Түүнчлэн Дугариг нуурын хамгаалалт, усны чанарын хяналт, ашигт малтмалын хайгуулын компаниудын үйл ажиллагаа, зөвшөөрөл болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах шаардлагатайг онцолж, уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдэд тогтмол мэдээлэл өгч, олон нийтийн хяналтыг хангах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Уулзалтын үеэр залуу малчдыг дэмжих, шинэ үеийн боловсон хүчнийг бэлтгэх, төр болон намын хэрэгжүүлсэн бодлого, ажлыг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх талаар мөн санал солилцов. Энэ үеэр Б.Отгонцэцэг Монгол Ардын Намын гишүүнээр шинээр элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Шинээр элсэж буй гишүүдийн идэвх оролцоо нь сумын намын байгууллагын үйл ажиллагаанд шинэ эрч хүч авчирч, иргэдтэйгээ илүү ойр ажиллах боломжийг нэмэгдүүлэхийг онцлов.

Мөн намын ахмад гишүүд Ж.Заяат, Г.Мөнхбат, Ц.Дагва нарын гэрээр зочилж, хүндэтгэл үзүүлэн Монгол Ардын Намын даргын мэндчилгээг уламжиллаа.
Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь “Ардын нам – Ард түмэндээ” аяны үндсэн зорилго юм.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.