Ж.Золжаргал: Нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж, АТГ-т шаардлага хүргүүлнэ

Улаанбаатар хотын төсөв сүүлийн жилүүдэд огцом тэлж, 28.9 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 мега төсөл хэрэгжүүлж байна.

Энэ нь улсын төсвийн 80-90 хувьтай тэнцэж байгаа нь үндэсний эдийн засагт томоохон эрсдэл учруулахаар байгаа тул төсвийн бодлогыг эргэж харж, хяналт тэнцлийг сайжруулах шаардлага тулгарлаа. Төсвийн зарцуулалтад тавих хяналт сул байгаагийн гол шалтгаан нь ашиг сонирхлын зөрчил юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид төсөв захиран зарцуулдаг төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагаар ажиллаж байна. Тэд өөрсдийн зарцуулах төсвийг өөрсдөө баталж байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг зөрчиж буй тул эрх зүйн энэ гажгийг залруулах шаардлагатай. Төсвийн байнгын хороогоор томоохон төслүүдийн зөрчилд хариуцлага тооцох тогтоолын төслийг хэлэлцсэн боловч дэмжигдсэнгүй.

Тухайлбал, хууль бус худалдан авалтаар 500 тэрбум төгрөг зарцуулсан асуудалд хариуцлага тооцох чиглэл унасан тул энэ асуудлаар Ерөнхий сайдад албан ёсны асуулга хүргүүлж байна. Асуулгын хүрээнд төсвийн тогтвортой байдлыг хэрхэн хангах, мега төслүүдийн эргэн төлөлтийг яаж шийдвэрлэх талаар тодорхой хариулт нэхэж байна. Жишээ нь, Сэлбэ төслийн бондын төлбөр 2027 оноос эхлэх ч барилгын ажил дуусаагүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Мөн төсвийн алдагдлыг хиймлээр тооцдог арга барилыг засах, ашиг сонирхлын зөрчилтэй төлөөлөгчдийн асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хандаад байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.