13А маягтыг буцаан сэргээсэн зүйл байхгүй

13А маягтыг буцаан сэргээсэн зүйл байхгүй
 
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон цахим орчинд амбулаторийн тусламж, үйлчилгээтэй холбоотой шинэ зохицуулалтын талаар “13А маягтыг буцаан сэргээсэн”, “лавлагаа шатлалын эмнэлэгт шууд үзүүлэх боломжгүй болсон” гэх мэт ташаа ойлголт, мэдээллийг түгээж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас дараах тайлбарыг гаргаж байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны 07 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг тогтоолоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зөв шатлалд чиглүүлэх, хаалга баригчийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн эмнэлэгээс зөвхөн амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ болон амбулаторийн үзлэгийг шатлал алгасан жилдээ 2 дахь удаагаа авах тохиолдолд иргэн анхан шатнаас илгээх цахим шилжүүлэгтэй бол үнэ төлбөргүй, харин цахим шилжүүлэггүй бол 20,000 төгрөгийн төлбөр төлөх /Жишээ нь амбулаторын цогц тусламж үйлчилгээ авсан бол эрүүл мэндийн даатгалаар 230,000 төгрөг, иргэн 20,000 төгрөгийг төлнө/ зохицуулалтын аль нэгийг сонгохоор зохицуулсан.
Энэ нь 2023 онд хүчингүй болсон 13А маягтыг сэргээж байгаа асуудал биш. Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан шатлалын тусламж, үйлчилгээний тогтолцоог цахим хэлбэрээр хэрэгжүүлэх зохицуулалт юм. Тус хуулийн 7.4-т иргэн өөрийн эрүүл мэндийн асуудлаар эхлээд өрх, сум, тосгоны эрүүл мэнийн төвийн эмчид хандаж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад илгээхээр хуульчилсан байдаг.
Лавлагаа шатлалын эмнэлэгээс үзүүлэх амбулаторийн хяналтын үзлэг, амбулаторийн мэс ажилбар болон бусад бүх төрлийн тусламж үйлчилгээнд иргэн урьдын адил анхан шатнаас илгээх цахим шилжүүлэггүйгээр эрүүл мэндийн даатгалаар шууд үйлчилгээ авах боломжтой.
 
Тухайлбал:
• Хавдрын тусламж, үйлчилгээ;
• Халдварт өвчний тусламж, үйлчилгээ;
• Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ;
• Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ;
• Осол гэмтлийн тусламж, үйлчилгээ;
• Арьс, харшлын тусламж, үйлчилгээ;
• Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ;
• Нүдний тусламж, үйлчилгээ;
• Мэс заслын тусламж, үйлчилгээ;
• Диализын тусламж, үйлчилгээ;
• Уламжлалт анагаах ухаан;
• Сэргээн засах тусламж, үйлчилгээ;
• Архаг өвчний хяналтын үзлэг;
• Мэс заслын хяналтын үзлэг, боолт;
• Өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламж зэрэгт илгээх цахим шилжүүлэг шаардахгүй байхаар зохицуулсан болно.
Иймд энэхүү зохицуулалт нь иргэдийн эмнэлэг сонгох эрхийг хязгаалаж байгаа бус, харин эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зөв шатлалд хүргэх, анхан шатны тусламж, үйлчилгээний үүрэг, чадавхыг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын тусламжийг хамгийн их хэрэгцээтэй иргэдэд чирэгдэл багатайгаар илүү хүртээмжтэй хүргэх зорилготой болохыг үүгээр мэдэгдэж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.