Л.Энх-Амгалан: Баян-Өлгий аймаг дээр боловсролын БЭТ томилж ажиллуулъя гэж бодож байна

Баян-Өлгий аймгийн иргэд Монгол хэлээр ярьж чадахгүй байгаа асуудал хөндөгдөж байна. Энэ асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн яриаг хүргэе.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-Баян-Өлгий аймгийн сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад тогтмол сүүл мушгиж, монгол хэлний босго оноондоо хүрч чадахгүй байгаа нь боловсролын салбарын бодлогын алдаа, чанарын хоцрогдлыг илтгэж байна. Тус аймагт нэгдүгээр ангиас эхлэн төрөлх хэл дээр нь хичээл зааж, зургаадугаар ангиас бүх хичээлийг монгол хэлээр орох журамтай ч бодит байдал дээр багш нарын хэлний чадвар хангалтгүй байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлсөөр ирлээ.

Энэхүү хэлний бэрхшээл нь сурагчдын цаашид сурч боловсрох, нийгэмд хөрвөх боломжийг хязгаарлаж, тэдний ирээдүйн өрсөлдөх чадварт томоохон саад тотгор учруулж байна.

Өнгөрсөн хугацаанд Боловсролын яамнаас 35 гавьяат багшийг тус аймагт ажиллуулж тодорхой үр дүнд хүрсэн ч энэ нь зөвхөн түр зуурын арга хэмжээ болоод байна. Цаашид энэ ажлыг системтэйгээр эрчимжүүлж, ирэх намар хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургуулийн захирлууд болон багш нарыг, тэр дундаа монгол хэлний багш нарыг аттестатчилах шаардлагатай.

Эх хэлний чадварын асуудал зөвхөн Баян-Өлгийгөөр хязгаарлагдахгүй, үндэсний хэмжээнд гурван хүүхэд тутмын хоёр нь уншсан эхээ ойлгохгүй байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээний түгшүүр төрүүлж байна.

Баян-Өлгийн аймгийн зарим сумдын ИТХ нь монголоор биш казахаар явдаг гэх мэт олон асуудал бий. Энэ гашуун үнэнтэй нүүр тулахаас өөр аргагүй. Үүн дээр тодорхой арга хэмжээ авахгүй бол асуудал нэлээн гүнзгийрсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу төрийн хэлийг бүх шатанд эзэмшсэн байх ёстой. Энэ нь иргэн бүрийн үүрэг, төрийн хариуцлага юм.

Тиймээс Баян-Өлгий аймагт боловсролын салбарын Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилон ажиллуулж, тогтолцооны шинэчлэл хийх замаар энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх шаардлагатай байна.

Боловсролын тэгш бус байдлыг арилгаж, төрийн хэлний нэгдмэл байдлыг хангах нь улс орны эв нэгдэл, хөгжлийн тулгуур багана болох ёстой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.