Г.Дамдинням: Оюутолгойг бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна
Оюутолгойтой хийх Засгийн газрын хэлэлцээрийн асуудлаар АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямаас тодруулга авлаа.
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням:
-Одоогийн байдлаар Оюу толгойн хэлэлцээрийг Сангийн сайд З.Мэндсайхан ахлан ажиллаж байна. Миний бие Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувьд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, тодорхой асуудлуудаар санал солилцох гэж байна. Бидний зүгээс маш тодорхой хоёр шаардлага тавьж байгаа.
Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулах,
Хоёрдугаарт, энэ оноос эхлэн ногдол ашгаа авч эхлэх асуудал юм.
Хэрэв эдгээр нөхцөлийг хангаж чадвал цаашдын хамтын ажиллагаа үргэлжилнэ, үгүй бол одоогийн нөхцөлөөр хамтран ажиллах боломжгүй гэсэн хатуу байр суурьтай байна.
Шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч болно.
Учир нь одоогийн схемээр үйл ажиллагаа явуулах тусам Монгол Улсын өр нэмэгдээд байгаа юм. Хэдийгээр зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа ч тогтворжуулалтын гэрээний дагуу манай талын авдаг АМНАТ ердөө 5 хувь хэвээр байна. Үйл ажиллагаа хэвийн явахад татварын орлого нэмэгдэх боловч гурав дахь гол эх үүсвэр болох ногдол ашгийг 2030-аад он хүртэл хүлээхээр байгаа нь бидэнд ашиггүй юм.
Шинэ Засгийн газар байгуулагдаад 100 орчим хонож байна. Миний ахалсан ажлын хэсэг өмнө нь менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж чадсан. Өмнө нь гурван давхар менежментийн төлбөр нийлээд 10 орчим хувьд хүрдэг байсныг 3.95 хувь болгон бууруулснаар 2.2 тэрбум ам.долларын өгөөжийг нэмэгдүүлсэн.
Одоо бид зээлийн хүүг бууруулах чиглэлд үүнээс ч том дүнгээр ярьж байгаа бөгөөд энэ хоёр асуудлыг шийдэж чадвал үр өгөөж мэдэгдэхүйц нэмэгдэх хүлээлттэй байна.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр бол хэлэлцээрийн эцсийн хугацаа юм. Долоон жил гацсан асуудлыг өнгөрсөн оны сүүлээр хөдөлгөж, зургаан сарын хугацаатай протокол үйлдсэн нь өнөөдөр дуусгавар болж байна. Тиймээс өнөөдөр эцсийн шийдвэр гарах ёстой. Зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг шинэчлэх, ногдол ашиг авах зэрэг бүх асуудал хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар шийдэгдэнэ.
Хэрэв бидэнд ашиггүй нөхцөл байдал үргэлжилбэл үйл ажиллагааг зогсоосон нь дээр гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.