С.Бямбацогт: E-Mongolia аппликэйшн дээр нээлттэй парламент цэс нээж иргэдээ сонсдог боллоо

УИХ-ын дарга С.Бямбацогт нээлттэй парламент цэсийг танилцууллаа.

УИХ-ын гишүүд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ хэмээн тангараг өргөдөг. Ард түмнийг төлөөлөх дээд байгууллагын хувьд УИХ иргэддээ нээлттэй, ил тод байж, тэдний оролцоонд тулгуурлан асуудлыг шийдвэрлэх нь чухал. Энэ ч үүднээс бид "Нээлттэй парламент" болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд хаврын чуулганаас эхлэн УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг ил тод болгосон.

 Чуулганы хуралдаанд хэн цагтаа ирсэн, хоцорсон, тасалсан зэргийг өдөр, сар, жилээр нь олон нийтэд нээлттэй мэдээлж эхэлснээр гишүүдийн ирц, идэвх мэдэгдэхүйц сайжирсан. Цаашид гишүүдийн санал хураалтын мэдээллийг ч мөн ил тод болгоно. Ингэснээр иргэдийн эрх ашигт нийцсэн чухал шийдвэрийг хэн дэмжиж, хэн эсэргүүцэж байгааг, эсвэл санал хураалтад оролцохгүй ажлаас зайлсхийж буйг иргэд хянах боломжтой болж, парламентын гишүүдийн ёс зүй, хариуцлага дээшилнэ. УИХ-аас баталсан хууль, тогтоол амьдралд нийцэхгүй байх, иргэдийн хүсэл сонирхолд харш шийдвэр гарах тохиолдолд шүүмжлэл дагуулдаг.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд "E-Mongolia" аппликэйшнд "Нээлттэй парламент" цэс нээж, "УИХ таныг сонсож байна" платформыг бий болголоо. Энэхүү цэсээр дамжуулан иргэд амьдралд хүндрэл учруулж буй хуулийн зөрчил, хийдэл, давхардлын талаар болон хүнд суртал үүсгэж буй тодорхой заалтуудын талаар саналаа илгээх боломжтой. Иргэдээс ирүүлсэн саналд ажлын 15 хоногийн дотор хариу өгнө. Хэрэв тухайн хуулийг буруу ойлгосон бол тайлбарлаж, харин засаж залруулах шаардлагатай бол хууль санаачлах үйл явц эхлүүлснээ мэдэгдэх юм.

Ийнхүү иргэдийн саналд тулгуурлан хууль тогтоомжийн төсөл боловсруулж, батлагдсаны дараа эргэн мэдээлэл хүргэх замаар эргэх холбоотой ажиллана. Мөн УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол, шүүмжлэлийг хүлээн авч, бодлого, зохион байгуулалтаа сайжруулахад ашиглах болно. Энэхүү бодлогыг бид "Нээлттэй парламент: Таны оролцоо, таны хяналт" хэмээн нэрлэж байгаа бөгөөд иргэдийн оролцоо, хяналтад тулгуурласан парламентыг төлөвшүүлэх эхлэл юм. Уг ажлын бодит үр дүн ирэх намрын чуулганаас улам тодорхой харагдана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.