УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан: Амьд явбал Улсын наадам үзнэ ээ...
УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан Улсын 3-р төв эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт яарлтай хүргэгдэн очиж, ухаан орсон талаараа өөрийн цахим хаягт сийрүүлжээ.
Тэрээр,
-Нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн Мэдрэлийн мэс заслын эрчимт эмчилгээний тасагт ухаан оров, мэс засал амжилттай болсныг надад дуулгав. Цаг алдалгүй хурдан шуурхай мэс засал хийсний хүчинд эмчилгээ амжилттай болж миний амь нас аврагдав.
Энд ухаан ороод хэвтэж байхад олон зүйл бодогдлоо. Юуны өмнө эрүүл мэндээ сайн шалгуулж байх хэрэгтэй гэдгийг ойлгов. Сүүлийн саруудад хүзүү гоёодчихлоо гээд л яваад байсан хүн нэгмөсөн оройтох шахав байна. Харин зураг авахуулж шинжилгээ хийлгэн, залуу цагийн найз Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын болон Хүний гавьяат эмч, Зөвлөх зэргийн эмч Б.Батчулуун эмч түргэн оношлосны хүчинд ам мөлтөс гарчээ.
53 жилийн өмнө аавыгаа харвалтын улмаас энэ эмнэлэгт эмчлүүлж байхад 40 гаруй хоног шөнө нь сахиж өдөр нь 8 дугаар ангийнхаа шалгалтыг өгч байсан тэр үеэ дурсан саналаа.
60 жилийн түүхтэй Мэдрэлийн мэс заслын тасгийнхан энэ хугацаанд мэдлэг, мэргэжил ур чадварын хувьд үнэхээр хол алхсан нь харагдаж байв. Надад мэс засал хийн амь насыг минь аварсан Монгол Улсын Гавьяат эмч Тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Л.Аваажигмэд эмчээр ахлуулсан баг, эмчлэгч эмч Ш.Орхонтуул нартаа гүн талархлаа илэрхийлж байна. Та нарын минь эрүүл мэнд энх, ажил үйлс нь арвин дэлгэрч байхын ерөөл өргөе.
Утсаа хураалгах болсныг үүгээр мэдэгдье, хэсэг хугацаанд пост оруулахгүй болох нь. Амьд явбал улсын наадам үзнэ ээ, гэжээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.