Венесуэльд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 2295-д хүрлээ

Венесуэльд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 2295-д хүрлээ

Венесуэл Улсын хойд бүс нутагт болсон дараалсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2295-д хүрч, 11200 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай албаны эх сурвалжууд мэдээллээ.

2026 оны зургаадугаар сарын 24-ний орой Юмаре хотын ойролцоо 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд ердөө 39 секундийн зайтай тохиосон бөгөөд нийслэл Каракас болон эргийн бүсийн Ла Гуайра хотуудад хамгийн их хохирол учраад байна. Одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагаа эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд АНУ-ын Геологийн албанаас (USGS) гамшгийн цар хүрээ их байгаа тул хохирогчдын тоо цаашид ч нэмэгдэж болзошгүйг анхааруулж байгаа юм.

Байгалийн гамшигт нийт 59 мянга орчим барилга байгууламж сүйдэж, дэд бүтцийн салбарт асар их хохирол учирсан болохыг хиймэл дагуулын радарын үнэлгээгээр тогтоожээ. Үүнд олон тооны эмнэлэг, 400 гаруй сургууль, амин чухал цэвэр усны хангамжийн системүүд багтаж байгаа бөгөөд Каракас хотын Симон Боливарын олон улсын нисэх онгоцны буудал ноцтой гэмтсэн нь олон улсын нислэг болон тусламж хүргэх ажлыг хүндрүүлж байна.

07ee94d2449c4f3987e1c6f189136565Венесуэлийн засгийн газар зургаадугаар сарын 25-нд онц байдал зарлаж, хамгийн их хохирол амссан бүсүүдэд цэргийн хяналт тогтоон, аврах багийнханд зам гаргах үүднээс энгийн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (UNHCR) болон Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газар (OCHA) тус улсад хүмүүнлэгийн хямрал нүүрлэж байгааг албан ёсоор мэдэгдлээ.

Гамшигт өртсөн иргэдэд орох орон, хоол хүнс, цэвэр усны дутагдал нэн тулгамдсан асуудал болж, үүний улмаас халдварт өвчин дэгдэх эрсдэл эрс нэмэгдэж байна. Одоогийн байдлаар ЮНИСЕФ-ээс 47 тонн тусламжийн бараа хүргээд байгаа бол Пан Америкийн эрүүл мэндийн байгууллага (PAHO) болон "Хил хязгааргүй эмч нар" (MSF) нийгэмлэг ачааллаа дийлэхгүй байгаа эмнэлгүүдэд яаралтай тусламжийн багц, хөдөлгөөнт эмнэлгийн хэрэгслүүдийг нийлүүлж эхэлжээ.

Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нийт 17 орны аврах багууд Венесуэльд ажиллаж байна.

Тухайлбал, АНУ-аас 250 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах баг, тэр дундаа тусгайлан бэлтгэгдсэн эрэлч ноходтой аврах нэгжүүдийг илгээсэн бөгөөд АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүн газар дээр нь ложистикийн тусламж үзүүлж байна. Аврах ажиллагаа эхлээд долоо хоносон ч нуранги дороос амьд хүн олдсон гайхалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Долдугаар сарын 1-нд Ла Гуайра хотод барилгын нуранги дороос гурван настай хүүхдийг зургаа хоногийн дараа эсэн мэнд гаргаж авсан бол үүнээс хэд хоногийн өмнө эцэг, хүү хоёрыг дөрвөн хоногийн дараа аварч чаджээ.

Нөхцөл байдал тогтворгүй байгаа тул Каракас руу чиглэсэн олон улсын нислэгүүдийг Копа, Авианка зэрэг томоохон авиа компаниуд цуцалж, Валенси эсвэл Богота руу чиглүүлэх болсон байна.

Венесуэлийн эрх баригчид болон олон улсын байгууллагууд хохирлын хэмжээг бүрэн тогтоож, сэргээн босгох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа ч ойрын хугацаанд хүмүүнлэгийн тусламж, эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй хүргэх нь хамгийн чухал зорилт хэвээр байна. 

Цаашид газар хөдлөлтийн дараах хоёрдогч эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, орон гэргүй болсон хэдэн арван мянган иргэдийг байршуулах асуудал олон улсын анхаарлын төвд байх болно.

Эх сурвалж:

paho.org

ve.usembassy.gov

reliefweb.int

news.un.org

theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.