Үндэсний их баяр наадам хүүхдийн харвааны төрлөөр нээлээ
Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүүхдийн сурын харваа хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Энэ жилийн наадамд 21 аймгаас хүрэлцэн ирсэн 420 гаруй хүүхэд балчир (3-8 нас), бага (9-11 нас), дунд (12-14 нас) болон ахлах (15-17 нас) гэсэн дөрвөн насны ангилалд цэц мэргээ сорьж байна. Хүүхдийн харваанд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа тул зохион байгуулагчдын зүгээс тэмцээнийг хоёр өдөр болгон өргөжүүлжээ. Одоогоор тэмцээний хамгийн хариуцлагатай үе болох хасах харваанууд явагдаж байна.
Хүүхдүүд үндэсний сурын спортоор хичээллэснээр тэвчээр хатуужил сууж, төлөвшдөг төдийгүй өөртөө итгэлтэй, бие даасан шийдвэр гаргах чадвартай болж хөгждөг байна. Наадамд оролцож буй багачууд гэр бүл, багш дасгалжуулагчдынхаа дэмжлэгтэйгээр амжилттай харваж байгаадаа баяртай байна. Тухайлбал, Дорноговь аймгаас ирсэн 9 настай Л.Ган-Эрдэнэ, 10 настай Д.Баярмагнай нар сурын спортын гоо сайхныг мэдэрч, үе тэнгийн найзууддаа үндэсний спортоороо хичээллэхийг уриаллаа.
Мөн 9 настай хэдий ч хэдийнэ 4 жилийн турш тууштай хичээллэж буй Б.Алтансувд охин энэ жилийн наадам өргөн дэлгэр, сайхан болж байгааг онцлов. Үндэсний сурын спорт нь хүүхдийг байгаль цаг уурын ямар ч нөхцөлд тэсвэр хатуужилтай байж, дотоод сэтгэлээ удирдан дөлгөөн тайван болоход тусалдаг "ухааны спорт" юм. Ийнхүү Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн ирээдүйн мэргэн харваачид өв соёлоо өвлөн, төрийнхөө их баяр наадамд цэц сорин наадаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.