“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор байршлын онцлогт тохирсон бага сургуулийн хэлбэрүүдийг нэвтрүүлнэ.

Тухайлбал, нийслэлийн дүүрэг, аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”, алслагдсан болон хил орчмын бүсэд “Багийн бага сургууль”-ийг шаардлагатай байршилд тус тус зохион байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилээс үйл ажиллагааг нь эхлүүлнэ. “Хотхоны бага сургууль”-д нэг, хоёрдугаар ангийн бүлэг хичээллэхээр зохион байгуулна. 

Урьдчилсан байдлаар нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулж, 10.0 мянган хүүхдийг хамруулна. Цэцэрлэг болон хувийн хэвшлийн сургуулийн сул 376 танхимыг ашиглаж, 11.0 мянган хүүхдийн сурах орчин сайжирч, бүлэг дүүргэлтийн тоог бууруулахаар төлөвлөжээ. 

Хичээлийн байрны барилга байгууламжийн стандарт хүчин чадлаас хэтэрсан ачаалалтай ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх, бие даасан ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжуулэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тогтоолоор үүрэг болголоо. 

viber image 2026 07 08 09 35 58 195

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах товлол, давтамж болон заавар, удирдамжийг баталж, мөрдүүлэх, суралцагчдыг товлол, давтамжийн дагуу үзлэгт бүрэн хамруулах, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ, үзлэгийн үр дүнд үндэслэн дараагийн шатлалд шилжүүлэх, онош тодруулах, өвчин эмгэг илэрсэн тохиолдолд хяналтад авах, эрүүлжүүлэх цогц арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хамтран зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох хууль тогтоомж, батлагдсан удирдамжийн дагуу харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд чанартай, хүртээмжтэй зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүллээ.

viber image 2026 07 08 09 35 54 887

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудынхаа хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах товлосон хугацаанд нь ажлын байрны уян хатан зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.

Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд нэгдүгээр ангийн (6 настай) нийт 69,127 суралцагчийг нүд, шүд, зүрхний үзлэгт хамруулсан.  

Зүрхний үзлэгт: 55,482 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд 5,225; 
Нүдний үзлэгт: 50,160 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалд 1,037; 
Шүдний үзлэгт: 59,308 суралцагч хамрагдсанаас 48,025 тохиолдлыг илрүүлж, улмаар дараагийн шатлалд 24,474 суралцагчийг шилжүүлэн эмчлүүлжээ. 

“Эдгээр үзүүлэлт нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг ерөнхий боловсролын сургуульд суурилан зохион байгуулах нь үр дүнтэй гэдгийг нотолж байна” гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан ярилаа.

viber image 2026 07 08 12 22 07 810

“Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амрах, хөгжих боломжийг бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, 2026 оны  IV улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралд зуслангуудын үйл ажиллагааг онцгой анхаарч, Монголын хүүхдийн зуслангуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг үүрэг болгосон.  

Хүүхдийн зуслангийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тогтолцоог бүрдүүлэх, зусланд хэрэгжүүлэх хөгжил, төлөвшлийг дэмжих сургалт, үйл ажиллагааны жишиг хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, зуслангийн дэд бүтэц, орчин нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах зэрэг бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоолд тусгажээ. 

2025 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 55 зуслан бүртгэлтэй ч 71 нь үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 59.7 мянган хүүхэд хамрагдсан нь нийт хүүхдийн 10 хувийг эзэлж байна. 

viber image 2026 07 08 12 22 14 785

Баян-Өлгий,  Увс,  Баянхонгор, Сүхбаатар,  Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ

Баян-Өлгий аймгийн Бугат, Увс аймгийн Өмнөговь, Баянхонгор аймгийн Өлзийт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дорнод аймгийн Баянтүмэн суманд нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслүүд, Дундговь аймгийн Сайнцагаан суманд салхин цахилгаан станц төслийг тус тус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукционыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, өмнийн говийн эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг бууруулах, уул уурхайн болон бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, Дорноговь аймгийн Мандах суманд батарей хуримтлуур бүхий нар, салхины эх үүсвэрийн төслүүд, Хойд бүсэд хэрэгжүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслийн тооцоо судалгааг хийж, төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукционыг зохион байгуулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болгов. 

Сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хангамжийн чанар, найдвартай байдлыг сайжруулах зорилгоор холбогдох тооцоо судалгаанд үндэслэн “Сумдын тархмал нарны эх үүсвэр, батарей хуримтлуурын хосолмол систем” болон цахилгаан автомашин цэнэглэх станц бүхий төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аукционыг зохион байгуулж, шалгарсан аукционд оролцогчтой холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, төслүүдийг үе шаттай ашиглалтад оруулахыг Эрчим хүчний хангамж, хүртээмжийн найдвартай ажиллагааны тухай Засгийн газрын тогтоолоор тус тус үүрэг болголоо.  

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулна

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд даалгалаа. 

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгох инженерийн нарийвчилсан зураг төслийг дөрвөн эгнээ хатуу хучилттай авто зам болгон өөрчилж, санхүүжилтийг Дэлхийн банкны зээл болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

viber image 2026 07 08 09 35 54 084

Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулна

Хаврын тариалалтыг тавдугаар сарын 04-өөс эхлүүлж урьдчилсан байдлаар 361.8 мянган га-д үр тариа, үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай,12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал нийт 530.4 мянган га талбайд тариалалт хийжээ. 

Шатахуун, үр, бордооны хангамжийг бүрдүүлэх зэргээр тариалалтын ажлыг технологит хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээг хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмс, тосны ургамлын тариалалт дууссан. Харин малын тэжээлийн тариалалт үргэлжилж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцууллаа. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр тариалангийн бүс нутгуудад  7-9 дүгээр сард хэт халалтын үргэлжлэх хоногийн тоо их байх урьдчилсан төлөв гарсан. Ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг тариаланчдад хүргэж байна.

“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, арилжааны банкны эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас нийт 854 иргэн, аж ахуйн нэгжид 128.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. Зээл олгох ажил үргэлжилж байна.

viber image 2026 07 08 14 22 56 391

“Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд гурван төрлийн тэжээлийн таримлын 412 тонн үр олгосноор тэжээлийн таримлын тариалалт 2300 га-аар нэмэгджээ. Энэхүү төслийг малчид, иргэдийн хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч, мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулахад дэмжлэг болно гэж үзэж байна.

Танилцуулгатай холбогдуулан ”Тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, ургамлын ургалтын хугацаанд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, Ургацын комиссыг байгуулж, ургац хураалтын бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлагаар шуурхай зохицуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.