Д.Лхагвадулам: Төв цэнгэлдэхийн суудлыг 2024 онд аль болох олон хүмүүс оруулах зорилгоор хуучин байсан сандалыг шахаж хийсэн
Үндэсний их баяр наадам эхлэхэд ердөө гуравхан хоног үлдээд байгаа энэ үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлын зохион байгуулалт иргэдийн шүүмжлэлийг ихээхэн дагуулаад байна.
Наадмын нээлтийн тасалбар ердөө 20 минутын дотор борлуулагдаж дууссан бөгөөд дамлан худалдаалагчид нэг тасалбарыг 500-аас 600 мянган төгрөгөөр зарж байгаа юм. Гэвч өндөр үнээр тасалбар авсан иргэд ийм давчуу нөхцөлд наадам үзэхээр болж байгаад сэтгэл дундуур байна. Одоогийн байдлаар суудлууд хоорондоо хэт ойрхон байгаагаас хөлөө чөлөөтэй тавих боломжгүй, эгнээ хооронд хүн явахад хүндрэлтэй байна.
Урагшаа суусан ч өмнөх хүний суудалтай хөл тулж байгаа нь үзэгчдийн тав тухыг алдагдуулж байгаа юм. Иргэдийн зүгээс энэхүү зохион байгуулалтыг өөрчилж, илүү зайтай болгох саналыг гаргаж байна.
Албаны хүний тайлбарлаж буйгаар, цэнгэлдэх хүрээлэнд нийт 12,500 суудал байгаа бөгөөд 2024 оноос хойш ийм зохион байгуулалтаар ажиллаж иржээ. Сошиалд тархсан зураг нь бэлтгэл ажлын үеэр суудлуудыг цэвэрлэгээ хийх зорилгоор хойш нь шахаж тавьсан үеийнх байсныг тодотгов. Хэдийгээр зай давчуу байгаа ч энэ нь аль болох олон үзэгчийг багтаах гэсэн шийдэл гэдгийг онцоллоо. Нээлтийн үйл ажиллагааны 1-2 цагийн хугацаанд ачаалал ихсэж, хүмүүс овоорох магадлалтай ч бөхийн барилдааны үеэр үзэгчид орж, гарах нь харьцангуй чөлөөтэй болдог байна.
Том биетэй хүмүүс суухад хүндрэлтэй, эгнээ хооронд зөрөхөд хэцүү байгаа ч олон хүнийг наадам үзүүлэх үүднээс ийм боломжит хувилбарыг сонгожээ. Суудлын тоог нэмэгдүүлсэн ч тасалбар маш хурдан дууссан нь иргэдийн эрэлт хэрэгцээ хэр их байгааг харуулж байна. Энэхүү нөхцөл байдал нь манай улсад шинэ, орчин үеийн стандарт бүхий цэнгэлдэх хүрээлэн барих зайлшгүй шаардлага тулгарсныг иргэд болон зохион байгуулагчдын зүгээс сануулсаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.