Б.Баярсайхан: Унаач хүүхдүүдийн даатгалд 20 сая төгрөг өгдөг байсан бол энэ жилээс 100 сая болгож нэмэгдүүлсэн

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд унаач хүүхдүүдийн эрх, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавин ажиллаж байна. Хурдан морины салбар хороо, Морин спорт уяачдын холбоо болон бусад холбогдох байгууллагууд Хүй долоон худагт ажиллаж, уралдааны зам харгуйг шалгалаа.

Б.Баярсайхан:

Наадмын үеэр хуульд заасан насны хязгаарыг чанд баримталж, зөвхөн 8-аас дээш насны хүүхдийг уралдаанд оролцуулахыг уяач, эцэг эхчүүдэд уриалж байна. Сүүлийн хоёр жилийн статистик мэдээллээр осол гэмтэлд 482 хүүхэд өртөж, 253 нь амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Үүний дийлэнх нь насанд хүрэгчдийн хараа хяналтгүй байдлаас үүдэлтэй ахуйн ослууд байгаа юм.

Тухайлбал, хамгаалалтгүй нүхэн жорлонд унах, цонхноос ойчих, автомашинд зориулалтын суудалгүй орхисноос угаартах, тогонд цохиулах зэрэг эрсдэлүүд гарсаар байна. Мөн гадаад орчны эрсдэлээс шалтгаалж зам тээврийн ослоор 47, усны ослоор 16, мориноос унаж 6 хүүхэд энджээ. Унаач хүүхдүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор даатгалын нөхцөлийг шинэчиллээ. Өмнө нь жилийн 100 мянган төгрөгийн хураамж төлж, эрсдэл гарсан тохиолдолд 20 сая төгрөгийн нөхөн олговор авдаг байсан бол одоо хураамжийг 250 мянга болгож, даатгалын үнэлгээг 100 сая төгрөг хүртэл 5 дахин нэмэгдүүлсэн.

Хэдийгээр хүний амь насыг мөнгөөр хэмжих боломжгүй ч энэ нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн чухал алхам юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Морин спорт уяачдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хүүхдийн бай шагнал, мөнгөн урамшууллыг шууд зарцуулах бус, 18 нас хүртэл нь боловсролын хадгаламжид хуримтлуулах замаар ирээдүйд нь бодит хөрөнгө оруулалт хийх санаачилгыг дэмжин ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.