Монгол Улсын Төрийн далбааны өдрийн парадад 500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник оролцож байна
Төрийн далбааны өдрийг 2008 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж байгаа бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.
Энэ дагуу өнөөдөр/2026.07.10/ Төрийн далбааг мандуулж, ёслол хүндэтгэлийн жагсаал болж байна.
Энэ удаагийн Хүндэтгэлийн цэргийн парадад улс орон даяарх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник оролцохоос гадна байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгслийг олон нийтэд үзүүлж байна.
Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж байна.
Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.