Физикээр дэлхийн 90 оронтой өрсөлдөж 13-15 дугаар байр эзэллээ
Дэлхийн шилдэг сурагчид хуран чуулсан Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад өрсөлдсөн Монголын баг өнөөдөр эх орондоо ирлээ. Монгол Улсаа төлөөлөн оролцсон шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, багийн бүх гишүүн буюу таван сурагч бүгд медаль авчээ.
Колумб Улсын Букараманга хотноо амжилттай зохион байгуулагдсан Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад дэлхийн 90-ээд орны 450 гаруй суралцагч, сурагч онолын болон туршилтын нарийн төвөгтэй даалгавруудаар өрсөлдсөн юм.
Багийн нийлбэр дүнгээр дэлхийн 90 орноос 13-15 дугаар байр эзэлсэн байна. “Энэ бол латин америк, Африкийг бүхлээр нь, азийн орнуудыг талыг, европын орнуудын гуравны хоёрыг ардаа орхиж байж олдож байгаа амжилт” гэж багийн гишүүд, багш нар танилцууллаа.
Дасгалжуулагч багш, “Олонлог.exe” сургуулийн Физикийн багш Э.Гүндалай “Сурагчдын чадвар сайжирч байна. Дөрвөн дасгалжуулагч багш, таван сурагч оролцоод ирлээ. Олимпиад туршилт, онолын бодлого гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Багийн орчуулга их чухал. 20-30 хуудас орчуулга хийдэг. Нийт 9 цагийн турш тасралтгүй орчуулга хийсэн. Ингээд манай сурагчид бодлого, туршилтын хэсэг рүүгээ орсон. Хэрэв тэр орчуулгыг буруу хийвэл сурагчийн амжилтад шууд нөлөөлдөг. Бидний, сурагчдын өнөөдрийн энэ амжилт дотооддоо физикийн олимпиад, уралдаан чанаржсантай холбоотой юм болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Шигшээ багийн ахлагч Г.Мөнхбаяр, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор. МУИС-ийн багш, М.Отгонбаатар, Монгол Улсын Гавьяат багш, М.Ганбат, ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг, Олонлог.exe сургуулийн багш Э.Гүндалай нар шигшээ багийн сурагчдыг бэлтгэжээ.


Шигшээ багийн ахлагч Г.Мөнхбаяр:
Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад манай улс өндөр амжилт гаргалаа. 90 гаруй орноос эхний 20 дотор байр эзэлнэ гэдэг сайн амжилт. Олон улсын физикийн олимпиадын түүхэнд анх удаа дөрвөн мөнгөн медаль, нэг хүрэл медаль авлаа.
Улсын физикийн олимпиадын хорооны дарга, Монгол Улсын гавьяат багш М.Ганбат:
-Олон улсын физикийн олимпиадад бол олон улсын хамгийн сүүлийн шатны хамгийн том олимпиад. Монгол улс багаараа амжилттай сайн оролцлоо. ОУ-ын физикийн олимпиадад 1998 оноос орж нийт 17 мөнгөн медал, 35 хүрэл медаль аваад байна. Тиймээс ч энэ жил бид аваргын төлөө, алтын төлөө зорилго тавьж өрсөлдсөн. Бидэнд алтан медаль тун ойрхон байлаа.
Э.Ичинбат – Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль:
-Физикийн Олон улсын олимпиадад гурав дахь жилдээ оролцож байна. Оюуны бяд их шаарддаг. Хөгжингүй, бидний өрсөлдөгч улс орнууд хүүхдүүдээ яаж бэлтгэж байгааг, хүүхдүүд нь хэрхэн бэлтгэдгийг ажигладаг. Энэ жил манай баг маш сайн бэлтгэлтэй байсан. Жилээс жилд олимпиадад оролцогчдын бодлогын чанар, түвшин ахиж байна. Бид ч бас байнга ахих сайжрах ёстой.
А.Орхонтуул – МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль:
-Миний хувьд энэ бол анхны бөгөөд сүүлийн олимпиад. Бид бүгдээрээ даалгавраа хийж чадах хэмжээнд маш сайн гүйцэтгэсэн. Бидэнд чадвар ч байна. Одоо харин хурдаа л нэмэхэд анхаарах хэрэгтэй болов уу. Би ирэх намар их сургуульд онолын физикээр суралцаж, цааш үргэлжлүүлэн зэргээ ахиулж сурна гэж төлөвлөж байна.
ЕБ-ийн 1 дүгээр сургуулийн багш Н.Оюунчимэг:
-Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад нийслэлийн ЕБ-ын нэгдүгээр сургуулийн сурагч шавь маань өрсөлдөж мөнгөн медаль авлаа. Баяртай байна. Манай шавь нараас ОУ-ын физикийн олимпиадаас гурван мөнгө, есөн хүрэл, Азийн физикийн олимпиадаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль гээд нийт ОУ-аас чанартай олимпиад, тэмцээнээс 22 медаль хүртээд байна. Цаашид алт авах сурагчаа бэлтгэнэ гэж бодож байна, гэсэн юм.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.