Ц.Түвшинжаргал: Биднийг хөөж туугаад байхгүй бол төр засгаас юу ч гуйхгүй хүссэнээрээ амьдарч болж л байна

Багшийн дээдийн автобусны буудал дээр 23 жил номын худалдаа эрхэлж буй Ц.Түвшинжаргалтай ярилцлаа.

Ц.Түвшинжаргал:

Намайг Түвшинжаргал гэдэг. Би хуучин номын худалдаа эрхлээд 23 жил болж байна. Хөдөө аж ахуйн мэргэжилтэй ч зах зээлийн нийгэмд шилжих үед мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж, энэ салбарт хөл тавьсан юм. Одоо надад 1300 гаруй төрлийн уран зохиолын болон сурах бичиг бий.

Залуучууд интернэт хөгжсөн ч номоос холдоогүй, ялангуяа хувь хүний хөгжил, сонгодог зохиолуудыг шимтэн уншдаг хэвээр байна. Бидний ажлын онцлог нь хүмүүсийн уншсан номыг хямд үнээр худалдаж аваад, багахан ашиг нэмж эргүүлэн зардагт оршино. Мөн сурагчид төгссөн ангийнхаа номыг авчирч, дараагийн ангийнхаа сурах бичгээр солих боломжтой байдаг нь эцэг эхчүүдэд ихээхэн дэмжлэг болдог.

Том дэлгүүрүүдээс олдоогүй ховор, хуучин номоо манайхаас олсон хүмүүсийн баярласан сэтгэлийг харах нь энэ ажлын хамгийн сайхан хэсэг юм. Гадаа ил ажиллахад цаг агаарын хүндрэлээс эхлээд өр зээл, амьжиргааны асуудал гээд бэрхшээл мундахгүй.

Бид төр засгаас халамж хүсэхгүй, зөвхөн тогтвортой ажлын байраар хангаж, хөөж туухгүй байхыг л хүсдэг. Тайван ажиллах нөхцөл бүрдвэл бид өөрсдийн хүчээр үр хүүхдээ сургаж, амьдралаа авч явах бүрэн боломжтой. Хэрэгцээт номоо хайж буй хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.