Ц.Идэрбат: Ургац хураалтад шаардлагатай 3.5 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байна

Ц.Идэрбат: Ургац хураалтад шаардлагатай 3.5 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байна

Засгийн газраас 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хөдөө аж ахуйн салбарын намрын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдвэрүүд гарган ажиллаж байна.

Долоодугаар сарын 1-ний Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй танилцах, орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөх зорилгоор Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгүүд 21 аймагт ажиллаж эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд 530 мянга гаруй га талбайд тариалалт хийсэн бөгөөд наймдугаар сарын 20-нд ургацын баланс эцсийн байдлаар гарна. Ургац хураалтад шаардлагатай 3.5 мянган тонн шатахууны нөөцийг бүрдүүлж, ажиллах хүчний асуудлыг оюутан, цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах замаар шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн жилийн ган гачгаас үүдэлтэй санхүүгийн хүндрэлийг давахад тариаланчдаа бодлогоор дэмжих нь салбарын тогтвортой байдалд нэн чухал юм. Мал аж ахуйн салбарт зуншлага харьцангуй сайн байгаа ч өнгөрсөн өвлийн зудаар 10 сая гаруй малаа алдаж, эдийн засагт их хэмжээний хохирол учирсан гашуун сургамжийг мартаж болохгүй. Иймд "Нутгийн эзэн-100" хөтөлбөрийг өргөжүүлж, малчдын оролцоотой тэжээлийн нөөц бүрдүүлэхэд анхаарч байна. Мөн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх "Эрүүл мал" аяныг эхлүүлж, "Нэг сум-Нэг мал эмнэлэг" тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна. Малын вакциныг гаднаас худалдаж авахад жилд 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байдлыг өөрчилж, "Биокомбинат" ТӨҮГ-т шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьсан.

Энэ оны 10 дугаар сард туршилтын эхний тунг гаргаж, 2027 он гэхэд дотоодын вакцинаар тарилга хийдэг болох бэлтгэлийг хангаж байна. Хариуцлага алдсан зарим аймгийн мал эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, намрын тарилгыг технологийн хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарна. Малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор таван аймагт арьс шир бэлтгэлийн туршилтын ажил эхэллээ.

Дархан, Ховд, Эмээлтэд аж үйлдвэрийн цогцолбор байгуулж, арьс ширийг гүн боловсруулан желатин, бордоо болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч байна. Дотоодын үйлдвэрлэгчдээ импортын хямд бараанаас хамгаалах татварын болон бодлогын зохицуулалт хийх шаардлагатай байна. Хөдөө аж ахуйн салбарын экспортын чадавхыг нэмэгдүүлэхэд зориулж 200 орчим тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэллээ.

Зээл нь жилийн 9 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай, эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Энэхүү санхүүжилт нь мах, сүү, арьс шир, ноос ноолуур боловсруулах болон эрчимжсэн мал аж ахуй, хүлэмж, зоорийн аж ахуй эрхлэгчдэд нээлттэй юм. Мах, ногооны үнийн хөөрөгдлийг бууруулахын тулд нийлүүлэлтийн сүлжээний дамжлагыг цөөлөхөд анхаарч байна. Нийслэлийн зүгээс махны нөөц бүрдүүлэх ажлыг шинэ шатанд гаргаж, малчдаас хэрэглэгчдийн гарт шууд хүргэх тогтолцоог дэмжинэ. Шинэ ургацын ногоо зах зээлд гарч эхэлснээр төмс, хүнсний ногооны үнэ тогтворжих төлөвтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.