Ж.Бямбасүрэн: Тарьж ургуулсан моднуудаа өөрийн хүүхэд шигээ бодож арчилж ургуулдаг
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Бямбасүрэн 26 жилийн турш мод тарьж, өдгөө хашаандаа 12 төрлийн 500 гаруй мод ургуулаад байна.
Тэрээр анх 2006 онд Улаан-Үдээс чацарганын суулгац авчирч, хад асгатай байсан газраа цэцэрлэгт хүрээлэн болгон хувиргажээ. Мод тарихыг өөрийн "улаан хобби" хэмээн тодорхойлдог тэрээр ургамал бүрээ хүүхэд шигээ хайрлан арчилдаг байна. Мод тарих нь дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Өвлийн турш агаар дахь бохирдлыг шүүж, хаврын угаалгаар их хэмжээний тортог гадагшлуулдаг нь мод байгаль орчныг хэрхэн цэвэрлэж байгаагийн илрэл юм.
Ж.Бямбасүрэн гуай модоо өглөө 08 цагаас өмнө, орой 20 цагаас хойш усалж, хөрсийг нь тогтмол сийрэгжүүлэн, азот, фосфор, калиар бордож арчилдаг туршлагатай. Тэрээр 2014 оноос хойш УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн санаачилсан "Өрх бүр таван мод" төсөлд нэгдэж, нийт 10 мянга гаруй мод ургуулахад хувь нэмрээ оруулжээ. Мод тарих хүсэлтэй айл өрхүүдийг судалж, суулгац өгөхөөс гадна нүхийг нь ухаж, суулгаж өгөх зэргээр чин сэтгэлээсээ тусалдаг байна.
Том модноос илүү жижиг суулгац сонгож, өөрийн болгон дасгаж ургуулах нь илүү үр дүнтэй байдгийг тэрээр онцолсон юм. Хашаандаа мод тарих нь зөвхөн агаар цэвэршүүлэх бус, өрхийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүний хашаанд алим, чавга, үхрийн нүд, чацаргана зэрэг жимснээс гадна нохойн хошуу, таван салаа зэрэг эмийн ургамлууд ургадаг. Жилд дунджаар 400-800 кг жимс хураан авч, хэрэгцээндээ ашиглахаас гадна борлуулж орлого олдог байна.
Тэр байтугай хатсан мөчрийг нь түлш болгон ашиглах боломжтой тул модны бүх хэсэг үнэ цэнтэй юм. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ирээдүй хойч үедээ эрүүл орчин үлдээхийн төлөө зүтгэж буй Ж.Бямбасүрэн гуай саяхан Байгаль орчны гавьяат ажилтан цолоор шагнагджээ. Өдгөө 1000 мкв талбай бүхий хашаа нь модоор дүүрч, тарих зайгүй болсон тул цаашид илүү их талбайд мод тарьж, байгаль эхээ нөхөн сэргээх их хүсэл эрмэлзэлтэй явна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.