Иргэн: Өглөө 7 цагаас хойш таван цаг оочирлож байж бензин авлаа

Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүсэж, иргэдийг бухимдуулж байна.

Хангай хотхоны баруун талд байрлах "Сод Монгол" шатахуун түгээх станцад нөөц дууссан тул өглөөнөөс хойш борлуулалт бүрэн зогсжээ. Тус станцын орчимд шатахуун нь дууссан олон автомашин хөдөлгөөнгүй зогсож, дараагийн нийлүүлэлтийг хүлээж байна. Станцын ажилтнууд шатахуун хэзээ ирэх талаар тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэлэв. Харин 32-ын тойргийн зүүн талд байрлах "Газ Ойл" станцад шатахуун хэвийн олгож байгаа ч ачаалал туйлдаа хүрчээ. Нэг эгнээнд 40-50 автомашин дугаарлаж, иргэд шатахуун авахын тулд дунджаар хоёр цаг орчим хүлээж байна.

Жолооч нар хотын захын болон төвийн олон станцаар явсан боловч ихэнх нь хаалттай, эсвэл зөвхөн өндөр октантай шатахуун хязгаартай олгож байгааг хэлж байв. Тухайлбал, "Шунхлай" станцад АИ-95 шатахуун 4170 төгрөг, АИ-92 нь 2840 төгрөгийн үнэтэй байна. Иргэдийн дунд шатахуун тасарсан шалтгааны талаар янз бүрийн таамаг байна. Зарим нь Орос-Украины дайнтай холбон тайлбарлаж байхад, нөгөө хэсэг нь үнэ нэмэх зорилготой зохиомол хомсдол гэж хардаж байна.

 Мөнгөтэй байгаад ч хэрэгцээт шатахуунаа авч чадахгүй байгаадаа иргэд туйлын бухимдалтай байгаа бөгөөд "Үнээ нэмээд ч хамаагүй тогтвортой нийлүүлэлттэй болгох хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлж байв. Шатахууны үнэ өсөж, олдоц муудсан нь иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байхад өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсөж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Төр засгийн зүгээс зохицуулалт хийж, энэхүү тодорхойгүй байдлыг яаралтай шийдвэрлэхийг олон нийт хүлээж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.