Иргэн: Тэгш, сондгой гэж байгаа ч баячууд нь хоёр машинаа ээлжилж унаад ялгаагүй
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Энэхүү зохицуулалттай холбогдуулан иргэдийн байр суурийг тодрууллаа.
Зарим иргэд энэхүү шийдвэрийг төдийлөн үр дүнтэй биш хэмээн үзэж байна. Тухайлбал, боломжтой айл өрхүүд хоёр автомашин ээлжлэн унаж байгаа нь түгжрэлийг бууруулахад бодит нөлөө үзүүлэхгүй байгааг шүүмжлэв. Мөн автомашины татвар, хураамж нэмэгдсэн атал долоо хоногийн тодорхой өдрүүдэд хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлаж байгаа нь иргэдэд санхүүгийн болон цаг хугацааны хүндрэл учруулж байгааг онцолж байлаа.
Нөгөө талаас, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд ийм төрлийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэх иргэд ч байна. Тэдний хувьд автомашины тал хувь нь хөдөлгөөнд оролцохгүй байх нь түгжрэлийг харьцангуй багасгаж, зорчих хугацааг хэмнэдэг гэж үзэж байна. Гэсэн хэдий ч айл бүр хоёр автомашинтай болж байгаа өнөөгийн нөхцөлд энэ нь зөвхөн түр зуурын аргацаасан шийдэл болохыг санууллаа.
Түүнчлэн цаг агаар дулаан байгаа үед скүүтер ашиглах эсвэл алхах зэргээр түгжрэлээс зайлсхийх боломжтойг зарим иргэд хэлж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээр замын ачаалал эрс нэмэгддэг тул ямар нэгэн байдлаар зохицуулалт хийх нь зөв гэсэн байр суурьтай иргэд ч цөөнгүй байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.