Монгол Улс БНСУ-ын “GS Caltex” компаниас шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор тохиролцлоо

Монгол Улс БНСУ-ын “GS Caltex” компаниас шатахуун, газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор тохиролцлоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монголын газрын тос импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хамтаар Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын эрчим хүч, газрын тосны салбарын гигант “GS Caltex” компанийн удирдлагуудтай уулзаж, шатахуун болон газрын тосны бүтээгдэхүүн импортлох яриа хэлэлцээг амжилттай эхлүүллээ.

Уулзалтын үеэр талууд квот бий болгох, бүтээгдэхүүний үнэ ханш болон тээвэр логистикийн нөхцөлүүдийг эцэслэн тохиролцож, ирэх наймдугаар сардаа багтаан эхний шатны бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад оруулж ирэхээр санал нэгдсэн байна.

“GS Caltex” гэж ямар компани вэ?

БНСУ-ын “GS Caltex” нь Азид төдийгүй дэлхийд шилдэгт тооцогддог эрчим хүч, газрын тос боловсруулах томоохон компани юм. Тус компани нь өдөрт хэдэн зуун мянган баррель нефть боловсруулах хүчин чадалтай бөгөөд авто бензин, дизель түлш, онгоцны түлш, тосолгооны материал болон нефть-химийн төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн олон оронд экспортолдог аж.

Монгол Улсын хувьд шатахууны хэрэглээгээ ганц зах зээлээс бүрэн хамааралтайгаар шийдвэрлэдэг нь тодорхой цаг үеүдэд хомсдол үүсэх, нийлүүлэлт саатах эрсдэлийг дагуулдаг. Тиймээс БНСУ-аас шатахуун, онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн импортлох гарцыг нээж байгаа нь дотоодын зах зээлийн нийлүүлэлтийг солонгоруулах, стратегийн хувьд чанартай, найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлэлцээний талаар онцолохдоо:

“Шинэ зам гаргах бэрхшээлтэй ч зүтгээд хийх л ёстой цаг үе... Хүчин чармайлт, цаг орох ажил байлаа. Дэмжиж хамтарсан бүхэнд баярлалаа” хэмээн тэмдэглэжээ.

Энэхүү яриа хэлэлцээ амжилттай хэрэгжсэнээр ирэх сараас эхлэн шатахууны нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр бодитоор орж ирж, шатахуун болон онгоцны түлшний нөөцийг тогтворжуулахад чухал хувь нэмэр оруулна гэж салбарынхан үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.