Ирэх өвөл гал алдах уу
“Москва найтаахад Монгол ханиад хүрдэг” гэх айхтар үг бий. Соц нийгмийн үед гарсан энэ үг өнөөдрийг хүртэл бидний амьдралд нөлөөлсөн хэвээр. Мөнхийн хөрш ОХУ дайн байлдаантай хүндхэн нөхцөлд түлш, эрчим хүчний тасалдал дотоодынх нь тулгамдсан асуудал болсоор даруй 3-4 жил өнгөрлөө. Энэ хугацаанд импортын хараат Монгол Улс дотооддоо дайн байлдаангүй ч өвөлдөө тогны хязгаарлалтад орж, жилийн дөрвөн улиралд шатахууны очерт жагсаж, “Москва хэзээ найтаах бол” гэсэн мөнхийн айдастай явсаар. Хөрш улс маань олон жилийн найрамдалт харилцаагаа бодож, дотоодын хүндхэн нөхцлөөсөө давж халин бидэнд анхаарч, тог, цахилгаанаа тасалчихгүй, шатахууны хошуугаа эвхчихгүй тэссээр байгаад нь талархах учиртай.
Нэг талаас сэхээнд орсон эрчим хүчний салбараа хөл дээр нь босгож чадахгүй, үнийг нь хүчээр чөдөрлөн тушиж, шинэ эх үүсвэр барьж чадахгүй 50 гаруй жил явсан нь бидний том алдаа. Нөгөө талдаа хараат байдал чухамдаа ямар том эрсдэл дагуулж болдгийг энэ өдрүүдэд монголчууд илүү ихээр ойлгож, том төслүүд яагаад явах ёстойг, улстөржиж болдоггүй, улдан гацааж болдоггүй эрх ашиг гэж байдгийг ойлгуулж, ухааруулсан өдрүүд өнгөрлөө.
Мөрөөдлийн жагсаалтад бичигдсэн том, том мега төслүүдээс илүү эрчим хүч, түлшнийхээ хараат байдлаас нэн яаралтай гарах нь нэг нам, Засгийн газар, УИХ-ын гэхээс илүү монголчууд цугаар нэгдэж нийлэх том сэдэв, эрх ашиг болжээ. Товчхондоо, монголчууд эрх баригчдаасаа хоёрхон асуултыг л асуудаг. Нэгдүгээрт, ирэх өвөл гал алдах уу, эрчим хүчний хараат байдлаасаа гарах юм уу. Хоёрдугаарт, түлш, шатахуун чинь тасалдахгүй биз. Энэ асуултад хариулт өгөх бодлогоо Ерөнхий сайд Н.Учрал өнөө жилийн төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөлтэй хамтатган өргөн барив. Товчхон дүгнэвэл, Монгол Улс эрчим хүчний чадлын дутагдлаас гарах, шинэчлэл, өөрчлөлтөд 1.2 их наядыг төсөвлөжээ.
Энэ мөнгөнөөсөө,
- 419.9 тэрбумаар ДЦС-4 зуухны өргөтгөл, ДЦС-3 турбингенераторын шинэчлэл
- 552 тэрбумаар 300 мВт-ын ДЦС-VI, есөн аймгийн ДЦС-ын ажлыг үргэлжлүүлэх
-199.9 тэрбум төгрөгөөр бүсүүдийн дамжуулах сүлжээг сайжруулах, шугамын алдагдлыг багасгахад зарцуулахаар төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн төслөө өргөн барилаа.
Н.Учрал мөрөөдлөө ярьсан уу
Засгийн газраас өргөн барьсан энэхүү төсвийг сөрөг хүчин улдан эсэргүүцэж, өргөн барьснаас нь хойш багагүй “чимхэж” байна. Сөрөг хүчний улстөрчид “Ерөнхий сайд Н.Учрал өөрийн мөрөөдлөө л ярьчихлаа. Тавдугаар цахилгаан станцаа барьж, ашиглалтад оруулаагүй байж, ямар мөнгөөрөө VI цахилгаан станц барих гэж байгаа юм бэ” хэмээн мушгилаа. Тэгвэл 2037 он хүртэл ногдол ашиг байтугай Н үсэг ч дуулдаагүй байсан Оюу толгойтой Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууснаар 2026 ондоо багтаж ногдол ашиг авах хэлэлцээрт хүрээд байгаа юм. Эндээс барагцаалбал, 3 их наядыг төсөв рүү оруулж ирэх бөгөөд 2 их наядыг нь эрчим хүчний шинэчлэлд, 1 их наядыг нь иргэдийн хуримтлалын дансанд хийнэ хэмээлээ. Өөрөөр хэлбэл, төр иргэнийхээ халаас руу гараа дүрэхгүй, үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй. Алдаа, ачаалал хоёроо нуруундаа үүрч, чадлын дутагдлаас ойрын хугацаанд гарна гэсэн зорилтоо танилцууллаа. Товчхондоо, төсвийн гадуур эргэлдэж байсан ТӨК-иудын мөнгийг төсөв рүү татаж захиран зарцуулахдаа тэтгэвэр, цалингаа нэмэх бол Оюутолгойн ногдол ашиг эрчим хүчний хараат байдлаас гарах шинэчлэл, өөрчлөлтөд зарцуулагдах нь ээ.
Эрчим хүчний салбараа эдгээх гарц
Хүжийн галд ном уншдаг тухай ном зохиолын дүр бодит амьдралд биелэлээ олж, 21 дүгээр зуунд монголчууд лааны гэрэлд хичээлээ хийж, хоолоо идэж байсан зутруухан өвлийг үзэх болсоор даруй дөрвөн оныг үдлээ. Монголд 38 жилийн хугацаанд нэг ч том чадлын эх үүсвэр баригдсангүй. 1986 онд “ДЦС-IV”-ийг барьснаас хойш бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Чингис” бондын санхүүжилтээр Амгалангийн дулааны станц барьсан ч шинэ тутам ашиглалтад орж буй орон сууцны хүчин чадлаа эрчим хүчний чадал нь гүйцэхээ больжээ. Ганцхан станцын турбингенератор эвдрэхэд л нийслэл тэр чигээрээ хөлдөх эрсдэлтэйг өнгөрөгч оны “ДЦС-3”-ийн турбингенераторын эвдрэл, гэмтэл тод томруунаар сануулав. Дулааны станцуудын насжилт 35-60 жилд хүрч, хүнээр бол өвгөрч хөгшрөөд, тэтгэвэртээ суучихлаа. Цахилгаан дамжуулах сүлжээ ч 32-62 жилийн настай болж, 40 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрчээ.
Тоон дүнгээр товчхон хэлбэл,
-Эрчим хүчний 80 хувийг дотоодоос хангаж байгаа ч 15 % нь БНХАУ, 5 % нь ОХУ-аас хараат
-Импортод жилдээ 400 тэрбум төгрөгийг зарцуулдаг
-Хэрэглээ жилд 6-7 хувиар нэмэгдэж, шинээр хэрэглэгч холбох боломж буурсан
-Дулааны станцууд жилд 70-76 удаа аваарын зогсолт хийдэг
-Суурилагдсан хүчин чадал 2018-2021 оны хугацаанд хамгийн ихдээ 124 МВт-аар нэмэгджээ.
Хэрэглээ жил тутам өсөн нэмэгдэж, жилийн хэрэглээ 20 хувь руу дөхчихөөд байна. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 18 төсөл арга хэмжээг эрчим хүчний сэргэлтийн хүрээнд ашиглалтад оруулах амлалтыг өмнөх Засгийн газар өгч байв. Гэсэн ч Бөөрөлжүүт, Чойбалсан, Багануурын бага чадлын станцууд ашиглалтад орсноос өөр том бүтээн байгуулалт нэг ч явсангүй. Зүүн Азийн супер сүлжээнд холбогдох, БНХАУ, ОХУ-ын хий дамжуулах хоолой, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг төслүүд нөгөөх л мөрөөдлийн жагсаалтад бичигдсэн мега төсөл хэвээр үлджээ.
Эдийн засгийн амин судас, энэ улсын тусгаар тогтнол, хараат байдлын амин үзүүлэлт болсон эрчим хүчний салбараа үе, үеийн Засгийн газар анхаарах амлалт өгч, тэрбум, тэрбумаар төсөвлөдөг ч ажил хэрэг болдоггүй. Өнгөрсөн хоёр жилд УИХ-ын гишүүн С.Цэнгүүний лоббигоор цахилгааны үнэ нэмэгдсэн ч дотоодын цалингийн нэмэгдэл болоод л замхран одсон юм билээ.
Эрчим хүчний салбарыг эдгээх ганц зүйл нь хөрөнгө оруулалт, бодит төсөв. Ядаж л өртөгтөө хүрдэг үнэ тарифтай болсноор хэвтэрт орчихгүй хэвийн ажиллах боломжтой. Тэгэхээр хамгийн чухал салбартаа бүтээн байгуулалт эхлүүлнэ гэсэн амлалт өгч, түүхэнд байгаагүй мөнгө төсөвлөсөн Ерөнхий сайд Н.Учралд ард түмэн талархалтай хандаж байна. Эрчим хүчний шинэчлэл тууштай хэрэгжиж байж л сэхээнд хэвтэж, шоконд ороод буй салбараа энгийн тасагт шилжүүлж, импортын хараат байдлаас гарах билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.