Иргэн: Өмнө 5-6 мянган төгрөгөөр явдаг байсан газарт 10 мянгаар явж байна
Улаанбаатар хотын хэмжээнд хувийн таксины үйлчилгээний үнэ огцом нэмэгдэж, иргэдийг багагүй бухимдуулж байна. Өмнө нь нэг километр тутамд 2,000-2,500 төгрөг байсан тариф өнөөдөр 3,000-3,500 төгрөгт хүрчээ.
Тухайлбал, "Хүнсний 4"-өөс Богд хааны музей хүртэлх зайд өмнө нь 5,000-6,000 төгрөг төлдөг байсан бол одоо 10,000 төгрөг болж нэмэгдсэн байна. Таксины үнэ ийнхүү өссөнөөс үүдэн иргэд нийтийн тээвэр буюу автобусаар үйлчлүүлэх нь ихэсчээ. Иргэдийн зүгээс таксины жолооч нараас үнэ хэзээнээс нэмэгдсэнийг тодруулахад "Улаанбаатар даяар үнэ өндөр байгаа" гэх тайлбарыг өгч байна.
Өдөржин ажиллаад олсон орлого нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгааг жолооч нар хэлж байгаа ч, үйлчлүүлэгчдийн хувьд энэ нь санхүүгийн хүнд дарамт болж байна. Энэхүү үнийн өсөлт нь шатахууны олдоц болон үнэтэй шууд холбоотой юм. Шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүсэж, зарим газар шатахуун олгохгүй байгаагаас жолооч нар хонож өнжин очерлох тохиолдол гарсаар байна.
Албаны хүмүүс мэдээллийн хэрэгслээр нөхцөл байдал сайжирсан гэж мэдээлж байгаа ч бодит байдал дээр иргэдийн ачаалал буураагүй байгааг тэд хэлж байна. Зөвхөн таксины үнэ гэлтгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад өсжээ. Тухайлбал, нэг ширхэг талх 4,000-5,000 төгрөг, сүү 5,000 төгрөгийн үнэтэй болсон нь иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байна. Тиймээс төр засгийн зүгээс шатахууны үнийг тогтворжуулж, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг иргэд онцолж байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.