Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сурагчид дахин хөлдүү сургуульдаа хичээллэх нөхцөл үүсэв үү?
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болж, сурагчид эрүүл мэндэд эрсдэлтэй орчинд хичээллэж байгаа талаар өнгөрсөн өвөл шүгэл үлээж байсан билээ.
Сургуулийн хананд том хэмжээний ан цав гарч, завсраар нь гаднах орчин шууд харагдахаас гадна коридор болон анги танхимд салхи нэвт үлээж, сурагчид өвлийн хувцас, бээлийтэй хичээлд суудаг талаараа дэлгэж байсан юм.
Гэвч энэ өвөл ч хүүхдүүд тус сургуульдаа хичээллэж магадгүй байна. Учир нь Баянзүрх сумын ЕБС-ийг шинээр барих асуудал огт хөндөгдөөгүйн дээр нэгэнт хичээлийн шинэ жил эхэллээ.
Уг асуудлаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатараас бид тодруулахад,
"Мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр барилгыг буулгах шаардлагагүй, их засвар хийх боломжтой гэж үзсэн. Тиймээс энэ онд 200 орчим сая төгрөгөөр урсгал засвар хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангана" гэв.
Мөн тухайн сургуулийн барилгыг барьсан компани барилгыг хүлээлгэж өгснөөс хойшхи баталгаат хугацаа дууссан тул хариуцлага тооцох боломжгүй болсон гэсэн юм.
Гэвч тухайн үед Баянзүрх сумын Засаг дарга Г.Одсүрэн тухайн барилгыг анхнаасаа стандартын бус баригдсан, засвар хийгээд ч нэмэргүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллүүд газар дээр нь ажиллахдаа цонхны угсралт болон барилгын хийцэд ноцтой алдаа байгааг тогтоож, дулаан алдагдал маш өндөр байгааг онцолсон байдаг.
Эндээс дүгнэж үзвэл, нэгэнт хичээлийн шинэ жил эхлээд, хүүхдүүд хичээллэж байгаа цаг үед сургуульд засвар хийх нь бараг л боломжгүй юм. Тиймээс Баянзүрх сумын сурагчид энэ жил ч хөлдүү сургуульдаа дахин хичээллэх нөхцөл бүрдээд байна гэхэд хилс болохгүй нь.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.