Ж.Золжаргал: Эдийн засгийн өсөлт намын хамааралтай хүмүүст наалдаж, ЖДҮ эрхлэгчдэд хүртээлгүй болжээ

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал 2026 оны төсвийн тодотгол дээр байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-УИХ-ын ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан энэхүү тодотголыг хийх шаардлага үүссэн. Гэвч өнөөдрийн статистик үзүүлэлтээр уул уурхай, барилгын салбар өсөлттэй байгаа ч худалдаа, үйлчилгээний салбар агшиж, хасах үзүүлэлттэй гарч байна.  

Өөрөөр хэлбэл, экспортоос орж ирж буй хөрөнгө оруулалт барилгын салбарт төвлөрч, нийт ажиллах хүчний 80 хувь нь ажилладаг ЖДҮ, худалдаа, үйлчилгээний салбарт хүртээмжгүй байна.

Инфляцын түвшин долоодугаар сарын байдлаар 13 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5 хувиар өссөн үзүүлэлт. Эдийн засгийн өсөлт зөвхөн улс төрд ойр цөөнхөд наалдацтай байгаа бол бор зүрхээрээ бизнесээ эрхэлдэг худалдаачид, үйлчилгээний салбарынханд хүртээлгүй байна. Уул уурхайн баялгаас орж ирж буй орлого нийт иргэдийн амьдралд бодитой нөлөө үзүүлэхгүй байгаа нь эдгээр тоо баримтаас тодорхой харагдаж байна.

Төсвийн тодотголоор иргэдийн амьжиргааг дэмжих хэд хэдэн заалт оруулсан байна. Тухайлбал, суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүг арилгахаар төлөвлөсөн. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчид, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгасан. Үүнээс гадна мах, хүнсний ногооны үнийн тогтвортой байдал болон эрчим хүчний салбарын шинэчлэлд нийт 1.4 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 

Дээрх зардлыг санхүүжүүлэх гол эх үүсвэр нь нийслэлийн ашиглаагүй үлдсэн 758 тэрбум төгрөгийн бонд болон зээлийн үлдэгдэл юм. Мөн сайд нарын багцаас 430 тэрбум, хөрөнгө оруулалтын зардлаас 205 тэрбум төгрөгийг хэмнэж шилжүүлэхээр болсон байна. Үүнээс гадна Засгийн газар нэг их наяд төгрөгийн дотоод бонд гаргаж, Азийн хөгжлийн банкнаас 450 сая долларын зээл авахаар хэлэлцэж байна. Ингэснээр төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувь байснаас хоёр хувь болж өсөхөөр байна.

Төсвийн тодотголтой хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Үүнд урсгал зардлыг ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэхгүй байх тусгай шаардлагыг цуцлах санал багтсан нь зардлыг хяналтгүй нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж байна!

Мөн төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш гурван сарын дараа төсвөө баталдаг хугацааны хязгаарлалтыг байхгүй болгохоор тусгажээ. Энэ нь төсвийн сахилга батыг сулруулж, тогтворгүй байдлыг үүсгэх аюултай.

Ерөнхийдөө төсвийн бодлого нь нийгмийн 20 хувийг бүрдүүлж буй төрийн албан хаагчид болон халамж авагчдыг дэмжихэд чиглэж, үлдсэн 80 хувь буюу хувийн хэвшлийнхнийг орхигдуулсан шинжтэй байна.

Эдийн засгийн өсөлт нийт иргэдэд хүртээмжгүй, төсвийн тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй байгааг эдгээр тоо баримтууд сануулж байна, гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.