Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах Мэлхий хад буюу Мөнгөт цохиог хааж барилга барьж эхэлсэн нь иргэд, олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Улмаар Байгаль орчны сайд асан С.Одонтуяа ч байр сууриа илэрхийлж "2024.12 сард намайг сайд байхад захирамж гарч өндөр хүчдэлийн шонг буулгасан байсан. Энэ хуучны зураг уу эсвэл буулгасны дараа сая дахиад босгож уу гэдгийг тодруулая. Байшингийн захирамж 2020 онд гарсан юм билээ" гэжээ.
Харин С.Одонтуяаг сайд байх үед буюу 2024 онд барилга барьж эхлээгүй, зөвхөн өндөр хүчидлийн шон байжээ. Тухайн үед С.Одонутуяа мөн "Нийслэлд хамгийн ойр Тэрэлжийн өвөрмөц, онгон байгалийг бид сүйтгэж дуусаагүй байна. Өнөө үзэсгэлэнт мэлхий хадаа таглаад шон босгочихож. Ямар "...ууд ийм юм сэтгэж хийв ээ! Улам л уруудаад байна Үүнийг буулга!" хэмээн шонг буулгаж байжээ.
Харин уг асуудлаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироос тодруулахад
"Мэлхий хадны орчимд барилга барьж эхэлснийг би мэдээгүй. Ер нь Горхи, Тэрэлжид дандаа л газар олгодог. Хэрэв цуцлахаар бол ямар шалтгаан нөхцөл байх юм, хэзээ газрыг нь олгосон юм гэх зэргийг тодруулж байж болно. Би лав сайд болсноосоо хойш тэнд нэг ч газар олгоогүй" гэх тайлбарыг өгсөн юм.
"Мэлхий хадтай холбоотой түүх, домог"
Түүх сөхвөл, Мэлхий хадны орчимд 1696 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монголын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй бөгөөд том тулалдаануудын нэг болох Ойрадын Галданбошигт хаан болон Манжийн Канси (Энх-Амгалан) хааны баруун замын цэргийн хоорондох "Зуун модны тулалдаан" болсон байдаг аж.
"Галданбошигт хаан ба "Мөнгөт цохио"-ны домог"
Зуун модны тулаанд ялагдсан Галданбошигт хаан ухрах үедээ өөрт байсан хамаг алт, мөнгө, эрдэнэсээ Манжийн цэрэгт алдахгүйн тулд Мэлхий хадны гүн хавцал, завсарт нуун үлдээсэн гэх домог бий.
"Нойтон гуяны домог"
Нутгийн иргэд хадны ёроолд буй их хааны мөнгийг авах гэж олон удаа оролджээ. Өвөл үхэр алаад, нойтон гуяыг нь сураар оосорлон хавцлын ёроол руу унжуулж, мөнгөн зооснуудыг наалдуулан дээш татдаг байв. Гэвч хавцлын амсар дээр ирэхийн алдад зооснууд "шар шар" хийх чимээ гарган буцаад доошоо уначихдаг, тэр үед хадны ёроолоос эмэгтэй хүний дооглон инээх дуу сонсогддог байсан гэлцдэг.
Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүр үзүүлэн хэвтэж буй эмэгтэй хүний хэлбэртэй уул байдаг бөгөөд түүнийг "Хүүхэн уул" гэж нэрлэдэг.
Домогт өгүүлснээр, Галданбошигт хааны үлдээсэн алт, мөнгө, эрдэнэсийг үүрд сахин үлдсэн хатан нь мөнхөд нойрсож, Хүүхэн уул болон хувирсан гэдэг. Тиймээс уг уулыг догшин хэмээн хүндэтгэж, мод ургамал, сонгино самрыг нь авдаггүй, хад чулууг нь хөндөхийг цээрлэдэг байна.
Энэ мэт олон түүх домог агуулсан Мэлхий хадыг хааж, өвөрмөц тогтцыг нь хааж барилга барьж байгааг иргэд, олон нийт дургүйцэж байна. Уг асуудлаар бид дахин тодруулж хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.