Д.Амарбаясгалан: Уул уурхай, газрын хэвлийн баялгаас иргэдийн нэрийн дансанд орж ирэх ёстой мөнгийг ЗГ өмнөөс нь шанагадах гэж байна!

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 онд хийж, хэрэгжүүлэх 9 шийдвэр танилцуулсан. Үүний дунд Оюутолгойгоос авах ногдол ашгийг ард түмэнд хүртээх тухай бий. Тэгвэл сөрөг хүчин болох АН-ынхан энэ 9 шийдвэр нь огт хэрэгжих боломжгүй, есөн шид нь бүрдсэн шийдвэр хэмээн шүүмжиллээ. 

АН-ын БЕЗ-ийн дарга Д.Амарбаясгалан: 

-Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, энэ бол бодит шийдвэр биш юм. Уул уурхай, газрын хэвлийн баялгаас иргэдийн нэрийн дансанд төвлөрөх ёстой хөрөнгийг ард түмний нэрээр халхавчлан, явцуу эрх ашгийн үүднээс урьдчилан "шанагадах" гэсэн оролдлого гэж бид харж байна.

Тодруулбал, төсвийн тухай хуулийг дагалдуулан өргөн мэдүүлсэн "Нийгмийн болон дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай" гэх ганцхан хуудас хуулийн төслөөр Баялгийн сангийн хөрөнгийг зарцуулахаар тусгажээ.

Хуримтлалын сангаар дамжин иргэдийн нэрийн дансанд орох ёстой мөнгөнөөс эхний ээлжинд 2 их наяд төгрөгийг нь урьдчилан "шанагадах" бол үлдсэн 1 их наядыг нь орж ирэнгүүт нь халбагадах гэж байна, гэссэн юм. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 2020-2027 оныг хүртэлх төсөв 208 их наяд 839 тэрбум төгрөг 

-Сүүлийн 10 жилд Монгол орон мөнгөгүй биш мөнгөтэйн зовлонд нэрвэгдсэн. Харамсалтай нь мөнгөө буруу зарсан, эрэмбэ дарааллыг буруу өрсөн. Саяхан 2025 МАН 11 мега төсөл ярьсан, дараа нь 24 мега төсөл ярьсан. 

Сүүлийн үеийн Засгийн газрууд дандаа Пи араар ажлаа хйидэг болсон. Урьдчилж зарладаг болсон. 2020-2027 оныг хүртэлх төсөв 208 их наяд 839 тэрбум төгрөг болсон. Засгийн газрынхан тэрбумаар ярьдаг байсан бол сүүлдээ их наядаар ярьдаг болсон. 
Үүнийг дагаад улсын төсөв нь тэлж байгаа юм.
 
Сүүлийн 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өссөн. Гэвч иргэдийн худалдан авах чадвар 10 дахин нэмэгдээгүй. Тэгэхээр Засгийн газар төсвөө буруу тооцоолж байна гэсэн үг. Хоёрхон жилийн дотор 7 удаа төсөв хэлэлцэж байна. Энэ төсвөө дандаа буруу тооцоолж байгаа үзүүлэлт. 
ТӨК-уудын орлогыг татаж авна гэж байна. Зөв. Гэхдээ нөгөө талдаа хэн энэ Засгийн газрыг сүүлийн 10 жилд удирдсан юм бэ? Гэнэт өнөөдөр л гаднаас орж ирсэн юм шиг толгой сэгсрээд байх хэрэг байхгүй!
 
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа: Оюутолгойн ногдол ашиг гэж ярьж байгаа нь "Оюутолгойгоос би мөнгө авчирлаа" гэж хэлэх гэсэн Ерөнхий сайдын жүжиглэлт!
 

-Ерөнхий сайд Н.Учрал ямар ч үндэслэлгүй, хууль бус төсөл оруулж ирж байна. Оюутолгойгоос улсын төсөвт хуваарилах гэж байгаа ногдол ашиг ярьж байна. Оюутолгой ашигтай ажиллаж эхэлсэн юм уу?
 
Компанийн тухай хуулиар төрийн өмчийн ч байна уу, хувийн өмчийн ч байна уу компаниуд бүтэн жилийнхээ тайлан, балансаа гаргаад, аудитаар ороод, хувь нийлүүлэгчдийн хурдаа хийгээд ашигтай бол ногдол ашигаа хуваарилаад, ашиггүй бол алдагдлаа тооцоод явдаг. Оюутолгой хэзээ ашиг, алдагдлаа тооцоод, ногдол ашиг олгох хэмжээний асуудал яригдах болсон юм бэ? Энэ бол дүр үзүүлэлт, жүжиглэлт!
 
Харин төрийн өмчийн компанийн ногдол ашгийг Үндэсний баялгийн санд хуримтлуулж байгаад , аривжаад өсөөд, илүү гарвал тодорхой хувийг төсөв рүү оруулах гэж Монгол Улс Үндэсний баялгийн сантай болсон.
АН-ын НБД Г.Лхагвадорж: Ерөнхий сайдын есөн шид нь бүрдсэн төсөв
 

-Ерөнхий сайдын 9 шийдвэр гэж өөрсдөө ярьсан. Гэвч энэ бол Ерөнхий сайдын есөн шид нь бүрдсэн төсөв гэж бид харж байна. 10 их наядаар төсвийн зарлагаа тэлээд оруулаад ирсэн. 33 их наядын төсвийнх нь тасарсан 2 их наяд хаанаас орж ирэх нь тодорхойгүй байхад 2027 оны төсвөө бүр 43 их наяд болгоод оруулаад ирлээ! Энэ бол ард иргэдийн халаасыг тэмтэрсэн төсөв. 
 
2016 онд бид өдөр тутмын хүнсийг 24 мянгаар авдаг байсан бол өнөөдөр 81 мянган төгрөгөөр авч байна. Энэ бол төгрөг үнэгүйдсэний шинж. Эрх баригчид ингэж үнэгүйдүүлдэг.
 
Мөн Баялагийн сангийн тухай хуулиа маш ноцтой зөрчих гэж байна. Оюутолгойгоос орж ирээгүй байгаа 3 их наяд төгрөг ард түмэнд очих ёстой мөнгө. Ямар нэгэн дарга өмнүүр нь орж ирээд станци, дэд бүтэц барих боломжгүй. Гэтэл тэд орж ирээгүй мөнгийг иргэд ийн өмнөөс татаж авч улсын төсөвт оруулах гэж байна. Баялагийн сангийн хуулийг ингэж авах эрх байхгүй!
Үүн дээр нэмээд 6-р цахилгаан станци барина гэнэ. Гэтэл бид 5-р цахилгаан станциа ч бариагүй байна. 30 жил ярьж байгаа станциа эхлээд бариач ээ!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.