Ж.Дэлгэрсайхан: Инфляц 13 хувьд хүрч, иргэдийн худалдан авах чадвар муудсан энэ үед цалин, тэтгэвэр нэмэх нь бэлэн мөнгөний нийлүүлэлтийг өсгөж, үнийн хөөрөгдлийг даамжруулах аюултай
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхлэж төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Төрийн тогтвортой байдлын зөвлөл үүнийг иргэдийн орлогыг хамгаалах, нийлүүлэлтийн тасалдлыг шийдвэрлэх эерэг алхам гэж үзэж байгаа ч төсвийн зардлыг тэлэх нь макро эдийн засагт шинэ эрсдэл дагуулахыг анхаарууллаа. Төсвийн 1.4 их наяд төгрөгийн хэмнэлтийн дийлэнх нь Улаанбаатар хотын бонд гаргахыг зогсоосонтой холбоотой бөгөөд төрийн байгууллагуудын бодит хэмнэлт бага байна.
Урсгал зардал өсөж, татварын орлого тасалдах эрсдэлтэй энэ үед төсвийн алдагдлыг нөхөх, санхүүжилтийн бүтцийг оновчтой болгоход онцгой анхаарах шаардлагатай. Инфляц 13 хувьд хүрч, иргэдийн худалдан авах чадвар муудсан энэ үед цалин, тэтгэвэр нэмэх нь бэлэн мөнгөний нийлүүлэлтийг өсгөж, үнийн хөөрөгдлийг даамжруулах аюултай.
Нийлүүлэлтийн болон логистикийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр бэлэн мөнгө тараах нь иргэдийн амьжиргаанд дэмжлэг болохоос илүү инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ. Цаашид төсвийн тэлэх бодлогоор "гал унтраах" бус, эдийн засгийн бүтцийн шинэчлэл хийж, хувийн хэвшлийг дэмжих нь чухал юм.
Уул уурхайгаас хэт хамааралтай бүтцийг өөрчлөхгүйгээр зардлыг нэмсээр байх нь урт хугацааны тогтвортой байдал болон үндэсний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Төсвийн бодлого халамжид бус, бүтээмж болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэх ёстой. Иймд төсвийн тодотголыг хэлэлцэхдээ макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах, инфляцыг тогтворжуулах, хувийн хэвшлийн идэвхжлийг дэмжих зарчмыг баримтлах нь зүйтэй.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.