МАН-ын бүлэг 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцжээ
УИХ-ын намрын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлж, УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа. АН-ын бүлэг хуралдааны асуудлаар нийтэд тайлбар мэдээлэл өгөөгүй бол МАН-ын бүлэг
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, бүлгийн хурлаас гарсан шийдвэр гаргасан талаараа мэдээллээ.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:
-Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийг тодотголд 1.44 их наяд төгрөгийн зохицуулалт хийхээр тусгасан. Төрийн үйлчилгээний салбарын албан хаагчдын цалингийн нэмэгдэл, мөн соёл, спорт, ХАА-н салбарын албан хаагчдын цалинг 2026.11.01-ээс нэмэгдүүлэхээр тооцсон. Хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулиуд баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд арваннэгдүгээр сарын 1-ээс суурь тэтгэврийг нэмнэ. Нийт 445 мянган ахмадыг хамруулна. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай байна.
Иймд намрын ургац хураалтын үеэр 100 мянган тонн улаан буудай, 12 мянган тонн хүнсний ногоо, 20 мянган тонн мах нөөцлөх, шатахууны нөөцийн савыг нэмэгдүүлэх, дулаан, цахилгааны засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн зардал, тарифын асуудлыг шийдэхээр төсвийн тодотголд тусгасан, талаар онцоллоо.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Төсвийн тодотголыг нэгдүгээрт, иргэдийн орлогыг хамгаалах, хоёрдугаарт, стратегийн нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлэх цогц бодлогын хүрээнд боловсруулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын 2026 оны төсвийг батлахдаа боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх асуудлыг тусгасан ч зардлыг нь тусгаагүй баталсан. Иймд, төсөвт суугаагүй, дутагдаж байгаа зардлыг Засгийн газрын зардлыг танах замаар бий болгож, боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг нэмэхээр оруулж ирж байна.
Мөн цалингийн нэгдсэн бодлого алдагдсанаас үүдэлтэй төрийн үйлчилгээний салбарын ажилчдын цалингийн асуудал орхигдсон байсан. Иймд, төсвийн тодотголд 80.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тусгасан.
Ингэснээр бүх салбарын цалин ижил түвшинд ирж байгаа. Төсвийн тодотгол хийхэд гадаад орчны нөхцөл байдал ихээхэн нөлөөлж байна. Шатахуун, эрчим хүчний үнийн өсөлт инфляцад шууд нөлөөлж байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед ахмадуудын суурь тэтгэврийн хэрэгжих хугацааг наашлуулж, мөн арваннэгдүгээр сарын 1-ээс тэтгэвэр нэмж, ахмадуудын орлогыг хамгаалах бодлогыг Засгийн газар барьж байна.
Цалин, тэтгэврээс гадна хэрэглэгчдэд ирэх ачааллыг бууруулах зорилготой дулаан цахилгааны үнийг нэмэхгүй байх бодлогыг Засгийн газраас барьж байна. Энэ хүрээнд импортын эрчим хүчний үнийн зөрүүг төсвийн тодотголд тусгалаа.Төсвийн тодотголын 400 орчим тэрбум төгрөгийг нөөц бүрдүүлэлтэд зарцуулна, гэлээ.
Монгол Улсын 2026 оны төсвийн зардал 33 их наяд төгрөг байхаар баталсан. Төсвийн тодотголд зардал нэмж тусгаагүй гэдгийг сангийн сайд З.Мэндсайхан онцлов
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.