С.Амарсайхан: Би Молор-Эрдэнийг шалга гэж чиглэл өгсөн болохоос биш хорьж, цагд гэдэг чиглэл өгөөгүй

Ч.Молорэрдэнийг цагдан хорьсонтой холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаас тодрууллаа.

Ч.Молорэрдэнийг цагдан хорьсонтой холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс шууд чиглэл өгсөн эсэх талаарх асуултад би өмнө нь тодорхой хариулт өгсөн. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна. Сайдын хувьд улс орны аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой ноцтой асуудал үүссэн тохиолдолд түүний учир шалтгааныг тодорхой болгох, нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор холбогдох байгууллагуудаар шалгуулах чиг үүрэгтэй байдаг.

Харин хэргийг хэрхэн, ямар арга замаар шалгах нь хууль хяналтын байгууллагуудын бие даасан, мэргэжлийн үйл ажиллагааны асуудал юм. Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал бол хэн нэгэн хувь хүний дур зоргоор ярьж, тоглоом шоглоом болгодог асуудал биш гэдгийг би өмнө нь ч хатуу анхааруулж байсан. Энэ бол төрийн бодлогын цөм, үндэсний эрх ашгийн дээд эрэмбэ юм.

Сүүлийн үед нийгмийн дунд үл ойлголцол төрүүлэх, иргэдийг хүйс, нас, үзэл бодлоор нь талцуулан хуваах, хувь хүний нэр төр болон гэр бүлийн нандин үнэт зүйл рүү бүдүүлгээр халдах үзэгдэл хэрээс хэтэрлээ. Энэхүү талцал нь даамжирсаар төрийн институцийг үгүйсгэх, улс үндэстнийхээ түүхэн үнэт зүйл, ирээдүй хойч үеийнхээ итгэл үнэмшлийг санаатайгаар бусниулах оролдлого болон хувирч байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд дотоод аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулах салбарыг удирдаж байгаагийн хувьд ийм ноцтой нөхцөл байдлыг зүгээр хараад суух эрх надад байхгүй.

Энэ бол үндэсний язгуур эрх ашгийг хамгаалах асуудал учраас үүнийг улс төржүүлэх шаардлагагүй юм. Нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах, үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн аливаа үйлдлийг хуулийн хүрээнд нягтлан шалгаж, зохих хариуцлагыг тооцох ёстой. Миний зүгээс тухайн асуудлын учир шалтгаан, зорилго, нөхцөл байдлыг хуулийн хүрээнд нарийвчлан шалгаж, бодит үнэлэлт дүгнэлт өгч тогтоох чиглэлийг өгсөн.

Харин хэн нэгнийг баривчлах, саатуулах, цагдан хорих зэрэг шийдвэрүүд нь прокурорын хяналт дор, шүүхийн хараат бус үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлэгддэг хуулийн процесс юм. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой бөгөөд шүүх, хяналтын байгууллага өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд эцсийн шийдвэрийг гаргах болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.