Монтенегро Улсын 40 настай Ерөнхийлөгч Яков Милатович маргааш манай улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович маргааш буюу 0%-р сарын 08-ны өглөө манай улсад айлчлах гэж байна.
Тэрээр 1986 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монтенегро Улсын нийслэл Подгорица хотноо төржээ.
Ерөнхийлөгч Яков Милатович 2009 Монтенегрогийн Их сургуулийн эдийн засгийн бакалавр, 2013 Оксфордын Их сургуулийн эдийн засгийн магистр хамгаалсан нэгэн бөгөөд англи, итали, испани хэлтэй.
Ажлын туршлага:
2010 – 2012 Словенийн “NLB Banka” банкны Подгорица хот дахь салбарын эрсдэлийн шинжээч
2012 – 2013 ХБНГУ-ын “Deutsche Bank”-ны төв салбарт Зээл, эрсдэлийн шинжээч
2014 – 2020 Бухарест хот дахь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Балканы бүс нутгийг хариуцсан эдийн засгийн ахлах шинжээч
2020 – 2022 Эдийн засгийн хөгжлийн сайд
2022 – 2024 “Европ одоо!” улс төрийн намын үүсгэн байгуулагч, дэд дарга
2023.05.20-ноос Монтенегро Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж байгаа аж.
Монтонегро гэж ямар улс вэ?
Монтонегро бол Серби, Босни ба Херцеговин, Хорват, Албани Улсуудтай хиллэдэг, Балканы хойг дээр оширх, 630 мянган хүн амтай, 13,812 км² газар нутагтай, Парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс юм.
Нийт хүн амынх нь 72% - үнэн алдартан, 19% - ислам, 4% - католик, 4% - бусад шашин шүтлэгтэй тус улс пропорциональ тогтолцоогоорулс төрийн сонгуулиа явуулдаг бөгөөд парламент нь 81 гишүүнтэй, бүх гишүүдийг намын жагсаалтаар 4 жилийн хугацаатай сонгодог байна.
Манай улсад айлчилж буй өнөөгийн Ерөнхийлөгч Яков Милатович болон Ерөнхий сайд Милойко Спаич нар “Европ одоо” намыг 2022 оны 6 дугаар сард байгуулж, 2023 онд болсон Ерөнхийлөгч болон Парламентын сонгуульд (24 суудал) тус тус ялалт байгуулж, эрх баригч нам болжээ. Харин намын даргаар тус улсын Ерөнхий сайд Милойко Спаич ажилладаг байна.
Тус улсын эвслийн Засгийн газарт Ардчилсан Монтенегро, Босниак нам, Шинэ Серби Ардчилал, Социалист ард түмний нам, Албанийн форум, Албанийн эвсэл намууд багтсан байна.
Нэг хүнд ногдох ДНБ нь 2025 оны байдлаар манай улсаас 2 дахин их буюу 14 мянган ам.доллар. Тус улс нь 20 дугаар зуунаас Балканы бүс нутаг дахь аялал жуулчлал, үйлчилгээний чухал төв байсаар ирсэн. Өнөөдөр тус улсын ДНБ-ий 25-30 хувийг зочид буудал, зоогийн газар, үйлчилгээ, тээвэр зуучлалын салбар эзэлж байна.
Монтенегрогийн гадаад худалдаанд импорт давамгайлдаг бөгөөд экспорт, импортын харьцаа 15:85 хувьтай байна. Гадаад худалдааны гол түншүүд нь Серби, Хятад, Герман, Босни-Херцеговин, Словени, Итали. Экспортын томоохон түнш нь Серби Улс (20-25%) бол хамгийн том импортлогч нь БНХАУ (15-20%) нар багтаж байна.
Монтонегро Улсын түүхээс
Өнөөгийн Монтенегро Улсын нутаг дэвсгэр Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт, Адриатын тэнгисийн эрэг болон Динарын нурууны уулархаг бүсэд оршдог бөгөөд хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн нэгэн чухал бүс нутагт тооцогддог. Эрт цагт энэ нутагт иллирийчүүд хэмээх индо-европ угсааны овог аймгууд суурьшиж, мал аж ахуй, худалдаа, гар урлал эрхлэн амьдарч байсан.
МЭӨ I зуунд өнөөгийн Монтенегрогийн нутаг Ромын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж, энэ үед зам харгуй, боомт, худалдааны төвүүд байгуулагдаж, хот суурингууд хөгжсөн. Харин МЭ 395 онд Ромын эзэнт гүрэн хоёр хуваагдахад энэ бүс нутаг Зүүн Ром буюу Византийн эзэнт гүрний мэдэлд шилжсэн.
VI–VII зууны үед Балканы хойгт славян аймгууд олноороо шилжин суурьшсанаар өнөөгийн монтенегрочуудын өвөг дээдэс бүрэлдсэн гэж үздэг. Энэ үед Дукля (Doclea буюу Duklja), Травуния, Зета зэрэг славян ханлигууд үүсэж, XI зуунд Дукля нь Балканы хамгийн хүчирхэг славян улсуудын нэг болж байв. XII–XIV зууны үед тус бүс нутаг Сербийн Неманичийн угсааны хаант улсын бүрэлдэхүүнд орж, үнэн алдартны шашин өргөн дэлгэрч, сүм хийд, шашны дурсгалууд олноор байгуулагдсан нь өнөөг хүртэл үндэсний соёлын үнэт өв болон хадгалагдан үлдсэн.
XV зуунд Османы эзэнт гүрэн Балканы ихэнх хэсгийг эзэлсэн боловч Монтенегрогийн уулархаг нутагт оршин суугчид удаан хугацаанд ширүүн эсэргүүцэл үзүүлж, бие даасан байдлаа хадгалж чадсан. Энэ үед Цетине хот улс төр, шашны төв болж хөгжсөн бөгөөд Монтенегрогийн удирдагчид шашин, төрийг хослуулсан онцлог тогтолцоо бий болгосон байна. Нутгийн ард иргэд славян хэл, үнэн алдартны шашин, зан заншил, цэргийн зохион байгуулалтаа хадгалан үлдсэн нь үндэсний ухамсар, тусгаар тогтнолын үзлийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.
XVII–XIX зууны турш Монтенегро Османы эзэнт гүрний эсрэг олон удаагийн дайн хийж, бие даасан байдлаа улам бататгасан байна. Ялангуяа I Петр Петрович-Негош, II Петр Петрович-Негош зэрэг удирдагчид улс орноо нэгтгэн бэхжүүлэх, хууль цааз тогтоох, боловсрол, соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. II Петр Петрович-Негош нь төрийн зүтгэлтэн төдийгүй Өмнөд Славын хамгийн алдартай яруу найрагч, сэтгэгчдийн нэг бөгөөд түүний бүтээлүүд өнөөг хүртэл Монтенегрогийн үндэсний соёлын чухал өвд тооцогддог.
Берлинд 1878 онд болсон конгрессоор Монтенегрог олон улсын хэмжээнд бүрэн эрхт, тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа улс төр, эдийн засгийн шинэчлэл эрчимжиж, 1910 онд Монтенегро Вант улсаас Хаант улс болж, засаглалын хувьд бэхэжсэн.
Дэлхийн I дайны үед Монтенегро Антантын эвслийн талд тулалдсан боловч 1916 онд Австри-Унгарын цэрэгт эзлэгдсэн. Дайны дараа 1918 онд Подгорицагийн хурлын шийдвэрээр Сербитэй нэгдэж, Серби, Хорват, Словенийн Хаант Улс (хожмын Югославын Хаант Улс)-ын бүрэлдэхүүнд орсон. Үүнийг Монтенегрочуудын дийлэнх дэмжсэн бол нөгөө хэсэг нь эсэргүүцэж, тусгаар тогтнолоо сэргээх хөдөлгөөнийг идэвхтэй үргэлжлүүлж байсан.
Дэлхийн II дайны үед Монтенегро Итали, Германы эзлэн түрэмгийлэлд өртсөн ч партизаны хөдөлгөөн идэвхтэй өрнөсөн. Улмаар 1945 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ) байгуулагдахад Бүгд Найрамдах Монтенегро Улс бүрэлдэхүүнд нь багтсан. Социализмын жилүүдэд үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэндийн салбарууд эрчимтэй хөгжиж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд бий болсон.
Югослав Улс 1990 оны эхээр задарч эхлэхэд Монтенегро Улс Сербитэй хамт үлдэж, 1992 онд Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсыг байгуулсан бөгөөд энэ холбоо 2003 онд Серби ба Монтенегро Улсын Холбоо болон шинэчлэгдсэн. Гэвч тусгаар тогтнох үзэл дахин хүчээ авч, 2006 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бүх нийтийн санал асуулгаар сонгогчдын 55.5 хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэн байна. Үүний үндсэн дээр 2006 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Монтенегро Улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарлаж, удалгүй НҮБ-ын 192 дахь гишүүн болсон.
Эдүгээ Монтенегро парламентын засаглалтай, ардчилсан тогтолцоотой улс бөгөөд Европын Холбоонд элсэхээр хэлэлцээ хийж, аялал жуулчлал, үйлчилгээ, далай тэнгист түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч байна. Олон зууны турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн түүх, үнэн алдартны шашин, славяны соёл, Адриатын тэнгисийн эргийн өвөрмөц байгаль өнөөгийн Монтенегрогийн үндэсний онцлог, үнэт өвийг бүрдүүлдэг.
Монтенегро улс Европын болон евроатлантын хамтын ажиллагааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгож, 2017 онд НАТО-д элссэн.
Монтенегро нь олон зуун жилийн түүх, соёлын өвийг хадгалсан Котор, Цетине зэрэг түүхэн хотуудаараа алдартай. Которын хуучин хот нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бол Цетине нь Монтенегрогийн эртний нийслэл бөгөөд улс төр, шашин, соёлын чухал төв байсаар ирсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.