Индонезийн Анак Кракатау галт уул дэлбэрч, 341,000 орчим зорчигч олон улсын болон дотоодын нислэгээс хоцорч, саатаад байна
Индонезийн Ява болон Суматра арлуудын дунд орших Анак Кракатау галт уул 2026 оны есдүгээр сарын 4-ний баасан гарагт хүчтэй дэлбэрч эхэлснээр тус улсын агаарын тээвэр болон дэд бүтцэд томоохон хэмжээний хохирол учруулж эхэллээ.
Галт уулын идэвхжил 24 цагийн турш үргэлжилж, үнсэн үүл нь 15,000 метрийн өндөрт хүрсэн бөгөөд үүний улмаас Жакарта хотын Сокарно-Хатта олон улсын нисэх онгоцны буудал зэрэг найман нисэх буудал үйл ажиллагаагаа зогсооход хүрэв.
Одоогийн байдлаар галт уулын аюулын түвшинг гуравдугаар зэрэглэлд хэвээр үлдээсэн бөгөөд агаарын замын хязгаарлалтын улмаас 341,000 орчим зорчигч олон улсын болон дотоодын нислэгээс хоцорч, саатаад байна.
Галт уулын дэлбэрэлтийн чимээ 700 орчим километрийн зайд сонсогдож байсан бөгөөд Сундагийн хоолой орчимд халуун хайлмаг тасралтгүй урссаар байгааг албаныхан мэдээлэв. Хэдийгээр 2018 оны дэлбэрэлт шиг цунами үүсэх аюул одоогоор байхгүй гэж шинжээчид үзэж байгаа ч галт уулын тогооноос гурван километрийн радиуст онцгой бүс тогтоон, иргэд болон жуулчдыг ойртохыг хатуу хориглоод байна. Галт уулын үнс нурам нь тийрэлтэт хөдөлгүүрт ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэй тул Индонезийн Тээврийн яамнаас аюулгүй байдлыг хангах үүднээс нислэгүүдийг цуцлах шийдвэр гаргасан юм.
Нислэгийн саатлын улмаас үүссэн нөхцөл байдал есдүгээр сарын 8-ны өглөөнөөс эхлэн бага зэрэг зөөлөрч, Жакартагийн гол нисэх буудлууд эргэн нээгдэж эхэллээ. Гэсэн хэдий ч KLM, Qantas, Singapore Airlines зэрэг олон улсын томоохон агаарын тээврийн компаниуд нислэгийн хуваарь хэвийн горимд шилжихэд багагүй хугацаа шаардагдахыг анхааруулж байна.
Нисэх буудлуудын орчимд байрлах зочид буудлууд ачааллаа дийлэхгүй байгаа бөгөөд олон мянган жуулчид дараагийн нислэгээ хүлээж, хүндхэн нөхцөлд байгааг албаны эх сурвалжууд онцолжээ.
Галт уулын дэлбэрэлт зөвхөн агаарын тээвэрт бус, иргэдийн эрүүл мэнд, өдөр тутмын амьдралд ч сөргөөр нөлөөлж байна. Жакарта, Бантен, Лампунг зэрэг хотуудад галт уулын үнс нурам ихээр унасны улмаас амьсгалын замын цочмог халдварын эрсдэл нэмэгджээ.
Үүний улмаас N95 төрлийн амны хаалтын эрэлт огцом өсөж, эмийн сан болон дэлгүүрүүдийн нөөц шавхагдсан байна. Агаарын чанар муудсантай холбоотойгоор олон сургууль зайнаас сургалтад шилжиж, загас агнуурын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Индонезийн Засгийн газар болон Улаан загалмай нийгэмлэгээс гамшгийн бүсэд тусламж үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар олон зуун мянган эмнэлгийн зориулалттай амны хаалт, хамгаалалтын шил, хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг иргэдэд тарааж эхэлжээ. Мөн агаар дахь үнс нурмыг цэвэрлэж, агаарын чанарыг сайжруулах зорилгоор үүл буудаж, зориудаар бороо оруулах технологийн арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа Үндэсний гамшгаас хамгаалах агентлаг (BNPB) мэдэгдлээ.
Цаашид Анак Кракатау галт уулын идэвхжил хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалан аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авах юм. Хэдийгээр нисэх буудлууд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэн ч бүс нутгийн агаарын тээврийн хямрал ойрын өдрүүдэд бүрэн арилахгүй төлөвтэй байна. Албаныхан нөхцөл байдлыг цаг тухай бүрт нь хянаж, иргэдийг сонор сэрэмжтэй байж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалсаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.