О.Батнайрамдал: Оюутолгойн ногдол ашгаас орж ирэх 3 их наядыг иргэн бүрт хуваарилахад нэг хүнд 857 мянга ногдоно
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн ногдол ашгийн талаа мэдээлэл өглөө.
Оюу толгой төслийн ногдол ашгийн асуудал нь Үндсэн хуулийн 6.2-т заасан "стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох" зарчмыг хэрэгжүүлэх үндсэн зорилготой. УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол хийж байгаа нь парламентын хяналтын хамгийн дээд механизм бөгөөд энэхүү хуулийн заалтыг бодит ажил болгох чухал алхам юм.
Хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд зээлийн хүүг 2.5 хувиар, менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулсан нь ахиц дэвшил юм. Олон улсын жишгээр компани өндөр ашигтай ажиллаж байгаа үедээ бүх өр төлбөрөө дуусгахыг хүлээлгүйгээр ногдол ашиг хуваарилдаг. Тиймээс Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох ашгийг дэлхийн жишгийн дагуу нэхэмжлэх нь зүй ёсны шаардлага юм.
Судалгаагаар Оюу толгой төсөл 2026 онд 7-7.5 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, үйл ажиллагааны зардлаа хасаад 5.2 тэрбум ам.доллар буюу 18 их наяд төгрөгийн цэвэр мөнгөн урсгалтай байхаар байна. Энэхүү мөнгөн урсгалаас Монголын талд 34 хувиар тооцон ногдол ашиг хүртээхэд дор хаяж 5 их наяд төгрөг төвлөрөх боломжтой. Засгийн газар ирэх оны төсөвт үүний доод хэмжээг 3 их наяд төгрөгөөр тусгасан нь зоригтой бөгөөд сайшаалтай алхам юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу стратегийн ордын ногдол ашиг нь Хуримтлалын нэгдсэн санд төвлөрч, иргэн бүрд тэгш, шударга хүрэх ёстой. Хэрэв 3 их наяд төгрөгийг хуваарилбал нэг иргэнд дунджаар 857 мянган төгрөг, таван ам бүлтэй өрхөд 4 сая гаруй төгрөгийн хуримтлал үүсэх боломжтой. Энэхүү баялгийн өгөөжийг төсвийн бусад зардалд бус, иргэн бүрийн хуримтлал болгон хадгалах нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж буй хэрэг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.