Сэргээгдэх эрчим хүчний аукционы урилга

Сэргээгдэх эрчим хүчний аукционы урилга

Монгол Улсын Эрчим хүчний яам нь Говийн бүсэд цахилгаан эрчим хүчийг 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортойгоор нийлүүлэх тогтворжуулах шийдлүүд бүхий Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүртэй төслийн “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (Independent Power Producers (IPP))-ийг “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу өрсөлдөөнт үнийн саналын үндсэн дээр дуудлага худалдааны зарчим (Аукцион)-аар сонгон шалгаруулахаар төлөвлөж байна.

Та бүхнийг 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах Говийн бүсэд Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн төслийн аукционд оролцохыг урьж байна.

Үүнд:

Төслийн байршил:

  • Өмнөговь аймаг, Оюу толгой 220/110/35 кВ дэд станц, хуваарилах байгууламж
  • Өмнөговь аймаг, Зэс Оюу 220 кВ ил хуваарилах байгууламж

Аукционд оролцох эрх нь “сонирхлоо илэрхийлэх хүсэлт” ирүүлсэн болон ирүүлээгүй бүх хуулийн этгээдэд нээлттэй байна. Оролцогч нь дангаар болон түншлэл хэлбэрээр оролцох боломжтой бөгөөд дэнчин байршуулж оролцоно.

Дараах үндсэн шаардлагыг хангасан оролцогчид энэхүү аукционд оролцож болно. Үүнд:

  1. Гадаадын хуулийн этгээдүүд нь энэхүү аукционд Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг үндэсний хуулийн этгээдтэй түншлэл хэлбэрээр хамтран оролцох бөгөөд энэхүү Үндэсний хуулийн этгээд нь Түншлэлийн дийлэнх хувийг эзэмшихээр байна. Түншлэлийн нийт борлуулалтын орлого нь 2023, 2024, 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаар дунджаар 100 сая ам.доллароос дээш байх;
  2. Гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд, гадаад улсын төрийн хяналтад байдаг хуулийн этгээд, эсхүл гадаад улсын Засгийн газар шууд болон шууд бусаар хяналт хэрэгжүүлдэг аливаа этгээд нь төсөлд эзэмших хувь хэмжээ нь 25 хувиас доош байх;
  3. Түншлэлийн гэрээнд түншлэлийн тэргүүлэгч гишүүнийг тодорхой зааж, түншлэлийн гишүүн тус бүрийн оролцооны хувь хэмжээ, санхүүгийн болон техникийн үүрэг, төслийг хэрэгжүүлэх үе шат бүрт хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан байх;
  4. Оролцогч нь төслийн нийт хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 30 ба түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх;
  5. Оролцогчийн нийт 2023, 2024, 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажсан жилийн дундаж эргэлтийн хөрөнгийн хэмжээ нь төслийн нийт хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 10 хувиас доошгүй байна.
  6. Оролцогч нь төслийг бүрэн санхүүжүүлэх чадавхтай болохыг нотлох зорилгоор түргэн хөрвөх хөрөнгийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтийн аль нэгээр эсхүл нийлбэрээр тодорхойлно. Үүнд:
    1. Аукцион зарласан өдрөөс хойш гаргасан оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэлийн тодорхойлолт;
    2. Аукцион зарласан өдрөөс хойш гаргасан, Арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт (Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банкинд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг Аукцион хянан үзэхэд харгалзан үзэхгүй. Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг банкины шугаман зээлээр тооцуулах тохиолдолд тус шугаман зээлийн зарцуулалт болон үлдэгдлийг тодорхойлсон банкны тодорхойлолт ирүүлнэ.);
    3. Үнэт цаас, Засгийн газрын бонд болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үнэт цааснууд;
  7. Оролцогч нь үндсэн хэрэглэгчийн техникийн шаардлага (Маягт-4)-ыг бүрэн хангаж байгаа талаар үндэслэл бүхий тооцоолол, техникийн үзүүлэлт, танилцуулгыг ирүүлнэ. Цахилгаан эрчим хүч хангамжийн техник, технологийн шийдэл нь үндсэн хэрэглэгчийн хэрэглээ болон хэрэглээний онцлогтой дүйцэхүйц томоохон хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчээр хангах зориулалтад бодитоор ашиглагдаж, найдвартай ажиллагаа нь практик туршлагаар баталгаажсан байх. Туршигдаагүй эсхүл ижил төрлийн хэрэглээнд хангалттай нотлогдоогүй технологийг цахилгаан хангамжийн шийдэлд санал болгохгүй. Сүлжээний чанарын үзүүлэлт, хүчдэл, давтамжийг тогтмол хянаж тэдгээр нь нэгдсэн сүлжээний дүрэмд заасан хязгаарын хүрээнд байгааг нотлох хэмжилт, тайлагналтын тогтолцоог нэвтрүүлсэн байна. Уг техникийн санал нь үндсэн хэрэглэгчийн техникийн шаардлагыг хангаагүй тохиолдолд татгалзах үндэслэл болно.
  8. Оролцогч нь үндсэн гүйцэтгэгч эсхүл түншлэгчийн хувиар сүүлийн 7 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжилтийн шатанд хэвийн үргэлжилж буй зураг төсөл боловсруулах-худалдан авах-барих (EPC), барих-өмчлөх-ашиглах (BOO), бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP)-ийн төслийн 1 ба түүнээс дээш гэрээнд оролцсон туршлагатай. Тухайн гэрээ тус бүрт оролцогчийн оролцоо, гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээ, эсхүл хүлээсэн үүргийн хувь хэмжээ нь 25 хувиас доошгүй байх.
  9. Оролцогч нь төсөл хэрэгжүүлэх санхүүгийн хариуцлагыг нотлох зорилгоор аукционы дэнчинг зохион байгуулагчаас заасан дансанд тогтоосон хугацаанд тодорхой хугацаагаар байршуулна. Аукционы дэнчингийн хэмжээ нь Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 1 МВт тутамд 5,000.0 ам.доллар (таван мянган ам.доллар) байна. Дэнчинг тогтворжуулах шийдэл болон батарей хуримтлуурын системийн чадал болон багтаамжид тусад нь нэмж тооцохгүй.
  10. Оролцогч нь Эрчим хүчний яамны www.energy.gov.mn хаягт байршуулсан “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-тай сайтар танилцаж, уг журам болон аукционы баримт бичигт заасан холбогдох шаардлагыг бүрэн хангасан байна.
  11. Хэрэв оролцогч нь “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулахаас татгалзах буюу зайлсхийсэн, зохиомол санал ирүүлсэн эсхүл луйврын шинжтэй үйлдэл гаргасан нь нотлогдсон, мөн авлига, ашиг сонирхлын зөрчил, тохиролцоо хийх, өрсөлдөөнийг хязгаарлах аливаа үйлдэл гаргасан нь тогтоогдсон тохиолдолд тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд аукционд оролцох эрхгүй болно.

Оролцогч нь дээрх журмын 10.2 дахь хэсэгт заасан аукционы мэдээллийг Захиалагчаас авахдаа аукционы төсөл тус бүрд үйлчилгээний хураамж 1,000 (нэг мянган) ам.долларыг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь MN500004000415180496 тоот дансанд тушааж, төлбөр төлсөн баримтыг албан бичигт хавсарган ирүүлнэ. Тус албан бичигт аукционы аль төслийн мэдээллийг хүлээн авах, холбогдох албан тушаалтны нэр, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг тодорхой тусгасан байна.

Аукционы урьдчилсан хуваарь

Огноо

Төслийн дугаар болон байршил

2026.09.11

Цаг: 09:00 – 11:00

Говийн бүсэд тогтворжуулах шийдлүүд бүхий Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барих төсөл

Аукционд бүртгүүлэх оролцогч нь “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-ын 10.7 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлж, мөн журмын 10.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Бүрдүүлсэн баримт бичгийг 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цаг гэхэд (Улаанбаатарын цагаар) багтаан, зөвхөн цахим хэлбэрээр gobiauction@energy-gov.mn болон gobiauction@gmail.com хаягуудад давхар ирүүлнэ. Баримт бичгийг нэгтгэн 20 МБ-аас хэтрэхгүй хэмжээтэй нэг PDF файл хэлбэрээр илгээсэн байна.

Аукционы мэдээллийг зөвхөн цахим хэлбэрээр олгоно.

Нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд дараах утасны дугаар, цахим шуудангийн хаягаар хандана уу.

Холбоо барих утасны дугаар: 7711-6050, 7711-3010

Имэйл хаяг: gobiauction@energy-gov.mn,

                     gobiauction@gmail.com

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.