Японд их хэмжээний аадар орж, үерийн дээд зэргийн анхааруулга зарлав

Японд их хэмжээний аадар орж, үерийн дээд зэргийн анхааруулга зарлав

Японы Цаг уурын агентлаг (JMA) 9-р сарын 8-ны орой намрын улирлын борооны фронт болон шугаман хур тунадасны бүс үүссэний улмаас орсон түүхэн их хэмжээний аадар борооны дараа хэд хэдэн мужид үер, хөрсний гулсалтын аюулын тавдугаар буюу дээд зэргийн онцгой анхааруулга зарлалаа. Энэхүү анхааруулга нь хүний амь насанд шууд аюул учирсан нөхцөл байдлыг илтгэдэг бөгөөд оршин суугчдыг яаралтай аюулгүй газар, эсвэл барилгын дээд давхарт гарахыг уриалж байна.

Японы төв хэсгийн Токай бүс нутаг, тэр дундаа Айчи, Гифу мужууд байгалийн гамшигт хамгийн ихээр нэрвэгджээ. Нагоя хотод нэг цагийн дотор 104.5 мм хур тунадас орсон нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй дээд үзүүлэлт болжээ. 

Гифу, Айчи мужуудыг дайран урсдаг Шонай голын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас Нагоя, Сето зэрэг 14 хот, сууринд тавдугаар зэргийн анхааруулга зарласан байна. Үерийн ус зам, метроны буудал, газар доорх гарцуудыг бүрхэж, Токайдо Шинкансен хурдны галт тэрэгний үйлчилгээг түр зогсоосноос олон иргэн гацжээ. Түүнчлэн, 9-р сарын 19-нд эхлэх "Айчи-Нагоя 2026" Азийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд баригдсан зарим байгууламж үерт автсан нь батлагджээ.

Гамшгийн хор уршиг зүүн нутгийн мужуудад ч хүрчээ. Токио хотын өмнөд хэсэгт орших Изү арлуудад ер бусын их хэмжээний бороо оров. Тухайлбал, Ошима аралд 24 цагийн дотор 581.5 мм, Нийжима аралд 485 мм хур тунадас унажээ. Үүний улмаас Ошима, Нийжима, Тошима арлуудад хөрсний гулсалтын онцгой анхааруулга зарласан байна. Харамсалтай нь, Фүкүшима мужийн Иваки хотод 60 орчим насны эмэгтэй машинтайгаа үерийн усанд автсан газар доорх гарцанд гацаж, амь насаа алджээ.

Окинава мужид мөн түүхэн их бороо орж, Наха, Томигүсүкү, Итоман зэрэг хотуудад хөрсний гулсалтын аюул нүүрлэв. Үргэлжлэн орж буй ширүүн борооны улмаас газар хэт их чийгшиж, хөрсний гулсалт үүсэх эрсдэл нэмэгдсэн тул эрх баригчид эдгээр бүс нутгийн иргэдийг заавал нүүлгэн шилжүүлэх тушаал гаргаад байна. Ялангуяа Нагоя хотын оршин суугчдад ус зайлуулах систем ачааллаа дийлэхээ больж, хэд хэдэн тээврийн хэрэгсэл усанд боогдсон тул газар доорх худалдааны төв, зогсоол, гарцуудаас зайлсхийхийг онцгойлон анхааруулжээ.

Хэдийгээр 9-р сарын 9-ний өглөөний байдлаар зарим бүс нутагт зарласан тавдугаар зэргийн анхааруулгыг бууруулсан ч аюул бүрэн арилаагүйг албаныхан онцолсоор байна. Цаг уурын агентлагийн мэдээлснээр, шугаман хур тунадасны бүсүүд ижил газар олон цагийн турш дахин үүсэх магадлалтай байгаа аж. Иймд баруун Японы Осака, Хёого мужаас эхлээд төв, зүүн бүсийн Канто (Токио, Сайтама, Чиба) хүртэлх өргөн уудам нутгийн иргэдийг гэнэтийн үер, голын усны үерлэлт, хөрсний гулсалтаас сэрэмжтэй байхыг уриалсаар байна.

Эх сурвалж:

watchers.news

theweathernetwork.com

youtube.com

japannews.yomiuri.co.jp

japantimes.co.jp

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.