Э.Батшугар: Надад ирсэн мэдээллээр төрөлтийн явцад зүрх нь зогссон гэх онош гараад байгаа бөгөөд эцсийн дүгнэлт шинжилгээний дараа тодорхой болно

Есдүгээр сарын 7-ний шөнө Амгалан амаржих газарт эх эндсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, Дархан-Уул аймгаас ирсэн 27 настай эхийн хоёр дахь төрөлт бөгөөд хүүхдийг кесаров хагалгаагаар эсэн мэнд авсан юм. Тус асуудлаар эрүүл мэндийн Э.Батшугараас тодрууллаа

Амгалан амаржих газар гарсан эхийн эндэгдэлтэй холбоотой асуудалд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Энэхүү харамсалтай хэрэг явдалд салбарын хэмжээнд ихээхэн харамсаж тухайн эхийн гэр бүлээс эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс албан ёсоор уучлалт байна. 

Одоогоор эх яг ямар шалтгаанаар нас барсан болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон холбогдох эмнэлгийн байгууллагууд нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ирсэн мэдээллээр төрөлтийн явцад зүрх нь зогссон гэх онош гараад байгаа бөгөөд эцсийн дүгнэлт шинжилгээний дараа тодорхой болох юм. Эхийн эндэгдэл нь аль ч улс орны эрүүл мэндийн салбарын чанар, хүртээмжийг илтгэдэг хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг байдаг.

Статистик мэдээллээс үзвэл, энэ оны байдлаар улсын хэмжээнд найман эх эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн оны яг энэ үед уг үзүүлэлт 16 байсантай харьцуулахад тооны хувьд буурсан боловч нэг ч гэсэн эрдэнэт амь эрсдэх нь салбарын хувьд том гарз, анхаарах ёстой асуудал юм.

Энэхүү хэрэг явдал нь эмчийн хариуцлагагүй байдлаас болсон уу, эсвэл урьдчилан таамаглах боломжгүй эрүүл мэндийн хүндрэл байв уу гэдгийг мэргэжлийн хяналт, шалгалтын дүнд үндэслэн тогтоох юм. Эрүүл мэндийн салбарын зүгээс эхийн эндэгдлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.