Иргэн: Махны үнийг дийлэхгүй гэдэс, таван цулаар хооллож байна

"Хүчит шонхор" захаас бэлтгэсэн махны үнийн талаарх сурвалжилгыг хүргэж байна.

Одоогийн байдлаар тус захад үхрийн цул мах 29,000-аас 33,000 төгрөг, хонины мах 20,000-аас 25,000 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн таван цул буюу дотор мах 15,000-аас 16,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Мах худалдан авч буй иргэд үнэ хэт өндөр байгааг шүүмжилж, аль болох хямдыг нь сонгон тэмээний мах болон малын дотор эрхтнийг түлхүү авч байгаагаа хэлж байлаа.

Мах худалдан аваад гарч буй нэгэн иргэн "Махны үнэ өнгөрсөн жилийнхээс эрс нэмэгджээ. Би сая 15.6 кг мах авахад 475,000-аас 500,000 орчим төгрөг боллоо. Манайх ам бүл олуулаа учраас энэ мах ердөө 7-оос 10 хоногийн л хэрэглээ болно. Үхрийн мах зарим газарт 35,000 төгрөг, хонины мах 25,000 төгрөг хүрч байгаа тул мань мэт шиг хүмүүс малын гэдэс, доторхоор л хоол хийж байна" хэмээн ярив.

Тэтгэврийн насны иргэдийн хувьд махны үнийн өсөлт бүр ч хүнд тусаж байна. Нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн нэг удаа мах авахад л тэтгэврийнхээ тал шахуу хувийг буюу 475,000 төгрөгийг зарцуулж байгаагаа хэллээ. Мөн зарим иргэд үхрийн махны оронд харьцангуй хямд буюу 22,000 төгрөгийн үнэтэй тэмээний махыг сонгож байна.

Хувиараа бизнес эрхлэгч нэгэн иргэн "Би дөрвөн хүүхэдтэй, өөрийнхөө хэмжээнд амьдралаа болгоод байгаа ч бусад хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байна. Малын дотор эрхтний үнэ гэхэд л өнгөрсөн жилийн махны үнэд хүрчихсэн байна. Жишээ нь, хонины зүрх 11,800 төгрөг байгаа нь өнгөрсөн жилийн хонины махны үнэтэй ижил байна шүү дээ. Үхрийн зүрх бүр ч үнэтэй байгаа" хэмээн нөхцөл байдлыг тайлбарлалаа.

Иргэд үхрийн цул махыг кг-аар нь авахаас илүүтэйгээр 16,000 төгрөгийн үнэтэй "гэдэсний гол мах" зэрэг хямд хэсгүүдийг сонгож байна. Махны үнэ зарим дэлгүүр, захуудад 37,000-аас 38,000 төгрөг хүртэл өсөж байгаа нь иргэдийн худалдан авах чадварт томоохон дарамт болж байгааг энэхүү сурвалжилга харуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.