09-р сарын 10 бол улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

“Лхүмбийн хэрэг”-ээс эхлэн, 1937 оны их баривчилгаар үргэлжилсэн аймшигт хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, нам төр, цэргийн удирдах зүтгэлтэн, тайж ноёд, лам нар, жирийн иргэд олноор өртсөн байдаг. Монголд үй олноор хэлмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тухайн үеийн ЗХУ-ын ДХАК, түүний Монголд ажиллаж байсан зөвлөхүүд гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. 1930-1950-аад он хүртэл улс төрийн хэрэгт бүгд 35 744 хүн шийтгэгджээ.
1937 оны аравдугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан Х. Чойбалсан даргатай Онцгой Бүрэн Эрхт Комисс хэмээх шүүхээс гадуурх байгууллага 1939 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацаанд бүгд 50 удаа хуралдаж, улс төрийн хэрэгт баривчлагдсан 25824 хүнийг хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээх хэргээр таслан шийдвэрлэснээс 20474 хүнийг буудан алах, 5103 хүнийг 10 жил, 240 хүнийг 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Бүгд 17 мянга орчим лам хувраг шийтгэгдсэнээс 14000 гаруйг нь шууд буудан хороосон байна.
1950-аад оноос 1980-аад оныг хүртэл үргэлжилсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, олон ургальч үзэл санааг хаан боогдуулах, тэдний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг”, “Монгол Зөвлөлтийн найрамдлын эсрэг” гэх мэт элдэв нэр хаяг өгч, гадуурхан хэлмэгдүүлж байсан билээ.
Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц, хэрэгжсэн арга, гарсан үр дагавар нь тухайн түүхэн цаг үеийн байдлаас шалтгаалж өөр өөрийн гэсэн онцлогтой байсан ажээ. 1922-1940-өөд он хүртэлх хугацаанд Монголд өрнөсөн хэлмэгдүүлэх ажиллагаанд гол төлөв бие хүний нь хувьд устгах, олон жилээр гянданд хорих хэлбэр давамгайлж байсан бол 1950-1980-аад онд хүмүүсийн хууль ёсны эрх, эрх чөлөөг хязгаарлах, сэтгэл санааны дарамт учруулах, нэр хүндийг нь гутаах, ажил албан тушаалаас нь хууль бусаар халах, нутаг заан суулгах зэргээр зүйл бүрээр хяхан хавчих явдал түгээмэл байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.