Доктор Д.Хоролдамба: Ардчилал бол манайх шиг буурай, жижиг улс үндэстний оршин тогтнохын дархлаа юм.

Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг билээ. Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх үеэр Доктор Д.Хоролдамбатай товч ярилцлаа.

Түүхийн ухааны доктор Д.Хоролдамба:

-1937 онд Оросын Дотоод явдлын яамны дэд сайд М.Фриновский тэргүүтэй 115-116 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголд ирсэн. Тэд ирэх замдаа буюу 8 дугаар сарын 22-ны өдөр Сибирийн Тайга өртөөний орчимд Монголын Маршал Г.Дэмидийг угтан авч, хороох ажиллагааг гүйцэтгэсэн байдаг. Энэхүү үйл явдал нь Оросын эрдэмтдийн судалгаа болон архивын баримтаар нэгэнт нотлогдсон зүйл юм. Монголын ард түмэн өнгөрсөн түүхийн бодит үнэнийг сайн мэдэж байх ёстой. Хэрэв бид түүхээ сайн судлахгүй бол их гүрнүүдийн геополитикийн бодлого, түүхийн гашуун алдаанууд дахин давтагдах магадлалтай байдаг.

Тэр үеэс монголчуудыг үй олноор нь хоморголон баривчлах ажиллагаа эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 19-ний өдөр Москвад "Тройка" буюу Онцгой комисс байгуулах шийдвэр гарсан. Энэхүү гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс нь шүүхээс гадуур ял оноох бүрэн эрхтэй байв. Тэд хууль ёс, шударга ёсыг үл хэрэгсэж, монголчуудыг олноор нь баривчилсан бөгөөд энэ ажиллагаанд нийт 38 мянган хүн хамрагдсан гэх тооцоо бий. Үүнээс 20,574 хүнийг шууд буудан хороосон байдаг. ЗХУ-д улс төрийн хэрэгт баривчлагдсан хүмүүсийн 20.9 хувийг цаазалж байсан бол Монголд энэ үзүүлэлт 70 гаруй хувьтай байсан нь маш өндөр үзүүлэлт юм.

Энэ бол демоцид, геноцидын шинжтэй аймшигтай явдал байсан. Энэхүү хар хэргийг дурсах өдөрт хүний эрхийн мэргэжилтнүүд, удирдлагууд болон шийдвэр гаргах түвшнийхэн онцгой анхаарал хандуулж байх ёстойг би зориуд хэлье. Миний бие энэ чиглэлээр олон жилийн турш хөдөлмөрөө зориулж ажилласан хүний хувьд сэхээтний бүхэл бүтэн давхаргыг хэлмэгдүүлэлтэд өртүүлснийг тэмдэглэж байна. 1950-иад онд Монголын сэхээтний шинэ давхарга бүрэлдэхэд 1956 оноос "сэхээтний төөрөгдөл" гэх нэр томьёо гаргаж ирэн, улмаар 1964, 1965 оны Намын Төв Хорооны бүгд хурлуудаар шинэ үеийн сэхээтнүүдийг сорчлон хоморголж, нэр төрийг нь гутаах, эрүүл мэнд, амь насаар нь хохироох ажиллагааг зохион байгуулалттайгаар хийсэн.

Эдгээр ноцтой алдааг үйлдсэн этгээдүүд тодорхой байгаа бөгөөд 21 дүгээр зууны ардчилсан нийгэмд амьдарч буй бид энэ талаар бодитой ойлголттой байж, үнэнийг хэлж байх ёстой. Хэрэв тэгэхгүй бол улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт дахин давтагдах эрсдэлтэй. Хэлмэгдүүлэлт, тэр дундаа эдийн засгийн хэлмэгдүүлэлт нь аль ч нийгэмд сүүдэр мэт дагаж байдаг. Тиймээс бид хүний эрхийн зөрчлөөс ямагт хамгаалж байх учиртай. Монгол Улс ардчилсан, эрх зүйт төрийг төлөвшүүлж байгаагийн хувьд иргэд зөвхөн дарга нарын аяыг харж айж хулчийх бус, шударга үнэний төлөө үзэл бодлоо илэрхийлсээр байх ёстой.

Ардчилал бол манайх шиг буурай, жижиг улс үндэстний оршин тогтнохын дархлаа юм.

Миний бие Цагаатгалын улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн захирлаар ажиллаж байсан түүхийн ухааны доктор Хоролдамба байна. Архивын баримтад тулгуурласан судалгаагаар 38 мянган хүнийг хэлмэгдүүлсэн тухай асуудал яригддаг ч бодит байдал дээр энэ тоо хэд дахин нугалахаар их байх магадлалтай. Одоогийн байдлаар бид бүрэн бус тооцоон дээр л ярьж байна. 

Мөн 5,104 хүнийг 10-аас дээш жилээр яллаж, ердөө 240 хүнийг 10-аас доош жилээр ялласан байдаг. Тиймээс мэргэжлийн судлаачид бид зөвхөн 1937-1938 оныг бус, 1921 оноос 1989 он хүртэлх социалист системийн бүхий л хугацаан дахь хохирлын хэмжээг эргэж харж, түүхээ бодитой болгох ёстой. Түүхээ бодитой болгохгүйгээр Монголын ард түмэн урагшаа явах боломжгүй. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цэгийн алтан хэлхээн дээр л бид ирээдүйгээ төсөөлөх учиртай гэдгийг зориуд хэлье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.